Ж.Эрдэнэбатын танхим өнөөдөр бүтэн болох уу?

Admin
10 цаг 19 минутын өмнө

АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэж, сайд болох эрхээ алдсан  Ж.Цолмон, Ц.Цэнгэл, Ц.Анандбазар, Д.Өнөрболор нарын оронд санал болгох дараагийн хүмүүсээ МАН-ын Удирдах зөвлөлөөс тодруулж,  УИХ дахь бүлгийн хуралдаанаараа өчигдөр /VII.28/ хэлэлцлээ. Барилга хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаярыг,  Эрчим хүчний сайдаар Т.Энхтайваныг, Эрүүл мэндийг сайдаар Г.Цогцэцэгийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Ингэснээр  Ж.Эрдэнэбатын танхим өнөөдөр  бүтэн болж магадгүй юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн Засгийн газрын томилгоог шөнийн 04.00 цаг хүртэл хэлэлцсэний эцэст 11 сайдаа баталсан. Харин үлдсэн дөрвөн сайдын асуудал дээр МАН-ын фракциуд тохиролцож чадалгүй удсан бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн барих болов уу гэсэн хүлээлт байна.

Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайд, 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулсан бөгөөд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө МАН давхар дээлгүй, Мэргэжлийн Засгийн газар байгуулахаа амласан билээ.  Хэдийгээр УИХ-ын 65 суудлыг авч, үнэмлэхүй олуулаа болсон ч  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын  Засгийн газрын долоон сайд нь парламентаас томилогдож, харин үлдсэн найман сайд нь гаднаас орж ирж байгаа юм.

Долдугаар сарын 8-нд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсон гэвэл түүнээс  хойш 21 хонож байна. Гэсэн ч Мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хараахан бүрдэж чадаагүй л байна.

 

Хэрэв МАН яаралтай  засгаа бүрдүүлэхгүй  бол цаг алдах тусмаа л эдийн засаг улам хүндэрнэ.

 

Тиймээс Готов нь байна уу, Шадав нь байна уу хамаагүй гэгчээр хэнийгээ сайд болгохоо МАН шийддэг юм байгаа биз, харин  төрөө яаралтай төвхнүүлж, улсаа хямралаас гаргах ажилдаа эртхэн ормоор байна.

 

Долдугаар сарын 8-нд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсон гэвэл түүнээс  хойш 21 хонож байна. Гэсэн ч Мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хараахан бүрдэж чадаагүй л байна.

 

Учир нь эдийн засгаа хямралаас гаргаж, төгрөгийн уналтыг тогтворжуулж, цалин тэтгэврийг нэмж, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн тогтвортой нөхцөлийг бий болгоно гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа цаг алдалгүй эхлүүлэхийг иргэд ч, эдийн засаг ч шахаж шаардаж эхэллээ.

 

Өчигдөр 2070 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш өнөөдөр 2078 төгрөг болж зургадугаар сараас хойш 110 төгрөгөөр, өмнөх өдрөөсөө найман төгрөгөөр өсчихөөд байна. Ханшийн өсөлтөд нэрвэгдсэн аж ахуйн нэгжийн орлого буурч, тэр хэрээр улсын төсөвт төвлөрдөг татварын орлого нь буурсаар. Хэрэвзээ эдийн засгаа яаралтай “оношилоод”, эмчлэх ажилдаа орохгүй бол ирэх өвөл тун хүндхэн болж мэдэх юм.

Зуны сар зургаа, намрын сар найм биш болохоор ялалтдаа сэтгэл ханаж, эрх мэдэлдээ цадаад сууж болмооргүй байгааг эдийн засгийн тоонууд чинь харуулсаар байна шүү.

 

Ийм үнэмлэхүй олонх болсон атлаа засгаа бүрдүүлж чадахгүй 21 хонож байна гэдэг сайн засаглалын шинж биш. Уг нь өдийд дэд сайдуудаа, төрийн нарийнуудаа, агентлагийн дарга нарынхаа томилгоог хэдийнэ хийчихээд ажилдаа орчихсон байсан бол Ардын намын нэр нүүрэнд л нэмэртэй юм даа.

 

Хэрэв энэ янзаараа, аливаа асуудалд цалгар наадгай хандвал ирэх намар гэхэд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүрнэ. Энэ тохиолдолд Монгол Монголоо удирдаж чадахгүй гэсэн үг. Засаг нь МАН-ын мэт боловч удирдлага нь ОУВС-гийн мэдэлд шилжинэ. Ийм байдалд хүргэхгүйн тулд эртнээс ажилдаа ор, МАН-ынхан. Эрх мэдлийнхээ хуваарилалтыг яаралтай хийж, эдийн засгаа босгож авахгүй бол болохоо байлаа.

 

Эхнээсээ л популист шийдвэр гаргаж, эдийн засгаа хорлоод эхэлбэл, иргэдийн амьдрал ч, эдийн засаг нь өөрөө ч даах тэнхэл үлдээгүй гэдгийг эртхэн сануулахад буруудахгүй болов уу?

 

Өнөөдрийн улс төрийн хүрээнд Мэргэжлийн засаг биш М.Энхболдын засаг байгуулагдлаа гэх дүгнэлтийг хийх хүмүүс олон байна. М.Энхболд УИХ, Засгийн газар, хотоо гартаа авлаа, нэг хүний гарт бүх засаглал төвлөрлөх нь гэсэн шүүмжлэл ч гарч байна.

 

Сайд болох сайхан байх, гэхдээ цаана чинь толгойны үснээс чинь их ажил хүлээж байгааг л битгий мартаарай. Мэргэжлийн Засаг нь байна уу, М.Энхболдын засаг нь байна уу гол биш, хамгийн гол нь гаргасан шийдвэр нь амьдралд нийцтэй, улсын хөгжлийн бодлогод түлхэц болж байвал хамаа байж уу?

 

Эх сурвалж:News.mn


Хэрэв шинээр оруулж ирсэн дөрвөн сайдыг УИХ дэмжвэл Засгийн газар дараах бүтэцтэйгээр ажиллана.