Т.Дамдинсүрэн: Хүүг минь хөнөөсөн алуурчныг шүүхээс цагаатгачихлаа

Admin
Өчигдөр 12 цаг 56 минут

Өнгөрөгч 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зургадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны орчимд 19 настай хүүг 26 удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Дээрх хэргийн шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө. Тус шүүх хурлаар 19 настай хүүгийн амь насыг хөнөөсөн гэх Б-г гэм буруугүйд тооцож, улмаар шүүхээс сэжигтэнийг цагаатгах шийдвэр гаргалаа.

Хэргийг сануулбал, Архангай аймгийн харьяат сэжигтэн Б нь талийгч хүүгийн гар утсыг худалдаж авна хэмээн өөрийн эзэмшлийн "Приус" автомашиндаа суулган авч яваад, бичил хороолол орчимд машин дотроо 26 удаа хутгалж хөнөөсөн байдаг. Улмаар хүүгийн цогцосыг орон сууцны арк орчимд орхиод, “Өргөө” кинотеатрын хажуугийн замаар машиныхаа гэрлийг асаалгүй явж байхад нь замын цагдаа зогсоожээ. Улмаар сэжигтэн Б өөрийгөө хүнд хутгалуулсан хэмээн замын цагдаад мэдүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан юм. Харин хохирогчийн ээж Т.Дамдинсүрэн хүүгийн алуурчныг хорих хүсэлт цагдаагийн байгууллагад гаргаснаар сэжигтэн Б-г ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулаад байсан боловч удалгүй сэжигтний биеийн байдал муу гэх шалтгаанаар батлан даалтад гаргасан юм. Үүнээс хойш хагас жил гаруйн хугацаанд сэжигтэн этгээд сул чөлөөтэй явсаар анхан шатны шүүх хурлаар гэм буруугүйд тооцогдлоо.

 

Өчигдөр болсон шүүх хурлын талаар талийгаачийн ээж Т.Дамдинсүрэнтэй ярилцаа.

 

-Шүүх хурал хэрхэн болж өнгөрөв?


-Өчигдөр өглөөний 10:00 цагт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал эхэлсэн. Энэ хэргийн зүйл ангийг мөрдөн байцаалтын явцад өөрчлөн хөнгөрүүлээд, гурван жилийн хорих ял төлөвлөөд байсан юм. Хурлын үеэр шүүгч илт нөгөө талд ажиллаад, гурван жилийн ялыг нь ч өгөлгүй, бүр цагаатгах шийдвэр гаргачихлаа. Шүүх хурлын үеэр А.Алтанхуяг гэдэг шүүгч манай өмгөөлөгчийг үг хэлүүлэхгүй, хэргийн явцыг ярьж байхад товч ярь гэж загнаад, ялтан нь бүр мэдүүлэг өгөхдөө босохгүй сандал дээр сууж байгаад мэдүүлгээ өгч байгаа юм. Ингээд хурал дуусахад алуурчныг цагаатгах шийдвэр гаргачихлаа.

 

-Хэргийн мөрдөн байцаалт хэзээ дууссан бэ?


-Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Уламбаяр гэдэг хүн энэ хэрэг дээр ажилласан. Мөрдөн байцаалт өнгөрсөн сарын сүүлээр дууссан. Уг нь мөрдөн байцаалт анх эхэлж байхад энэ хэргийг Эрүүгийн хуулийн 91.1 буюу онц хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар зүйлчилсэн байсан. Энэ зүйл анги нь 20-25 жилийн хорих ялтай байдаг юм байна. Тэгсэн мөрдөн байцаалтын явцад зүйл ангийг нь өөрчлөөд 93.1 буюу цочирдон давчидсан үедээ хүн алсан гэсэн зүйл анги болгоод хорих ялыг нь гурван жил болгочихож байгаа юм. Эцэстээ гурван жил хорих нь битгий хэл бүр гэм буруугүйд тооцоод цагаатгачихаж байна. Бүхэл бүтэн хүнийг 26 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн алуурчныг гэм буруугүй болгочихлоо. Хүүгийн минь гар хурууг хүртэл таслаад хаячихсан байсан юм шүү дээ.

 

-Хэргийн зүйл ангийг ямар шалтгаанаар өөрчилсөн юм бол?


-Яагаад ингээд зүйл ангийг өөрчилж байгаа юм бэ гээд асуутал "Шар хад"-ны эмнэлгийн нэг эмч, энэ хүн бол цочирдсон байсан учраас хүн алсан гэсэн дүгнэлт гаргаад өгчихөж. Өмнө нь хэрэг болсны дараахан яг тэр шархадны гурван эмчийн дүгнэлтээр энэ хүн  хэрэг гарах үед өөрийгөө жолоодох чадвартай байсан, хэрэг үүрэх чадвартай гэсэн дүгнэлт гараад хавтаст хэрэгт нь хавсаргаад явж байсан юм шүү дээ. Гэтэл мөрдөн байцаалтын явцад бүх зүйлийг ингээд эргүүлчихэж байгаа юм.

 

-Зүйл ангийг өөрчлөхөд мөрдөн байцаагч оролцсон байж болзошгүй гэсэн. Энэ талаар?


-Тийм ээ. Хэрэг гараад сар ч болоогүй байхад манай мөрдөгч Уламбаяр өөрөө надад энэ бол яах аргагүй 91.1 мөн. Хүнийг санаатай онц хэрцгий аргаар алсан гэж хэлж байсан юм. Яагаад гэвэл хүү үхэхээсээ өмнө маш их тэмцэлдээд гар хуруу нь хүртэл тасарсан байна лээ гэсэн. Тэгээд л удалгүй надаас илтэд мөнгө нэхсэн. Манай эхнэр гадаад явах гээд надаас мөнгө нэхээд байна яадаг юм билээ гэсэн. Хариуд нь би хэлсэн. Эгч нь ингээд үр хүүхдээ алдчихсан хүн ямар мөнгө байх вэ дээ. Чамд тийм их мөнгө хэрэг болоод байгаа бол тэр алуурчингийн биед үзлэг хийхэд хураагдсан хоёр сая нэг зуун мянган төгрөг байгаа. Тэрнийг хүүгийн оршуулгын зардал өгөх юм гэсэн. Чи тэрнийг аваад хэрэглэж бай гэсэн. Тэгсэн өөрөө энэ хураагдсан мөнгөнөөс хэрэглэж болохгүй гэсэн. Тэгээд тэр мөнгийг надад олгох шийдвэр гарахад нь надад өгөөгүй нилээд удсан. Удааж байгаад өгөхдөө хоёр сая нэг зууг биш хоёр сая төгрөг өгсөн. Дараа нь зуун мянган төгрөгөө арван хэд хоногийн дараа өгсөн юм. Ингээд мөрдөгч маань нөгөө талд ажиллаж эхэлсэн. Зүйл ангийг өөрчилсний дараа Эрдэнэцогт гээд дарга дээр нь ороод мөрдөгчөө өөрчилмөөр байна гэсэн. Хэргийг анхнаасаа мөрдсөн хүн одоо өөрчлөхгүй гэж хэлсэн.

 

-Та давж заалдах шатны шүүхэд хандах уу?


-Хандана гэж бодож байна. Гэхдээ би айдастай байна. Энэ алуурчин мөнгөтэй юм байна. Танил талтай хүн байна. Хүүг минь хорин хэд хутгалж хөнөөчихөөд "Би алаагүй ээ, намайг л хутгалсан, тэр хүү өөрийгөө хутгалсан" гэж хэлээд та бидний дунд чөлөөтэй сэлгүүцээд амьдарч байна. Намайг ирээд алахыг хэн байг гэх юм бэ. Хамгаалдаг газар байна уу. Би  энэ хэргийг яаж шударга үнэнээр шийдүүлэх вэ. Хэргийг илтэд буруу шүүж байгаа энэ шүүгчийг хэн томилсон юм бэ. Би хаана хандах ёстой вэ. Манай улсад үнэн шударга зүйл гэж байна уу гэдгийг мэдмээр байна.

 

 


 

 

ЗУРАГ: Хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн хэргийн сэжигтэн Б шүүх хурлын үеэр мэдүүлэг өгч байгаа нь.

 

Эх сурвалж: Medee.MN