“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр Бурхан халдунд аялж явсан Өвөрмонгол иргэнийг өмнөө сөхрүүлж, бичлэг хийсэн нь цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаад, угаасаа талцаж хэрэлдэх дуртай монголчууд хоёр талцан ид маргалдаж байгаа. Энэ маргаанд гитарчин Өөжгий, “твиттер од” Уянга хоёр ёстой л гал дээр тос нэмэв гэгчээр “гялалзтал” маргалдав.
Өвөрмонголчуудыг сөгдүүлсэн “сайн эрчүүд”-ийн дотор Улсын харцага Г.Ганхуяг байлцав. Хийсэн үйлдлийнхээ талаар Улсын харцага Г.Ганхуяг “Өвөрмонголчууд Дунд овоо дээр гарчихсан явсантай тааралдаж, ”Ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан, тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг нь сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” гэсэн байв. Харин “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн “Тэд Хятад биш өвөрмонголчууд байсан учир ярилцаж ойлголцсон” гээд, цахим хуудаснаа тухайн үед хийсэн бичлэгээ оруулсан байна.
Босго тэнгэрээс цааш гадаад хүн, эмэгтэй хүн гарах ёсгүй аж. Монгол эмэгтэйчүүдийн хөлийг хорьсон, гарахыг хориглосон уул овоо хаа сайгүй байдаг болохоор эмэгтэйчүүд нь ч уул овооны оройд гарах гэж тэгтэл тэмүүлээд байдаггүй. Тэр байтугай төрийн ордны бөө гишүүн 800 сая төгрөгөөр монгол гэр бариулан дөвчигнөж, тусгаар тогтнолоо зарласан өдөр 12 дугаар сарын 29-нд тулганд нь гал бадраахдаа яг л өөртэй нь адилхан 40-50 мянган хүний санал авч, төлөөлөл нь болон сонгогдсон хэдэн эмэгтэй гишүүнээ “гал бузарлана” гээд оруулдаггүй. Харин нийтийн дууч ханхүү нь хиртэй нударгаа таслаад тэр гал руу нь шидчихээр зүгээр. Харин хаа очиж хүүхнүүд нь энэ тал дээр хүлээцтэй, хэрэв “биелээч” Эрдэнэчимэг гишүүн орно гээд цамначихвал яах юм.
Бурхан халдунд аялж явсан өвөрмонголчуудыг өмнөө сөгдүүлсэн эрчүүдээс болж нэлээн дуулиан боллоо. Сэтгүүлч Буянбадрах хоржоонтой, хошин шогийн мэдрэмжтэйгээрээ “@BuyanbadrakhM: Тайпэйн хамгийн өндөр 101 давхар барилгад гарах гэж яваад “Босоо улаан Тайвань” бүлгэмд нь баригдчихлаа гэм.” хэмээн хүмүүсийг хөгжөөв.
Юутай ч Г.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийн өдөөсөн энэ асуудлыг хуулийн байгууллага шалгахаар болжээ.
Энэ талаар ЦЕГ-ын ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Тухайн үйл явдал Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт болсон. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар гадаадын ч бай, дотоодын ч бай иргэний эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Тэдгээр залуусыг шалгаж байгаа” гэлээ.
Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол бусдыг илтэд хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, үүнийг бүлэглэж үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа
“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
Завхан, Хэнтий аймагт бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ
АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна