Тэрбумтан эр эхнэрээ багалзуурдав


Барууны хэвлэлүүдээр Лондоны төвд болсон нэгэн цочирдом үзэгдлийг шүүрэн бичицгээж байна. Орчин үеийн урлагийн цуглуулагч, зар сурталчилгааны акул, тэрбумтан Чарльз Саатчи өөрийн эхнэр, олонд нэртэй ахлах тогооч Найжели Лоусоныг багалзуурджээ. Энэ явдал гэгээн цагаан өдөр олны нүдэн дээр буюу зоогийн газарт үдийн хоолны үеэр болжээ. Англиар нэг дуулиан тарьсан энэ зураг “People” сэтгүүлийн ням гарагийн дугаарын эхний нүүрийг чимэглэжээ. Тэдний үдийн хоолоо идэх дуртай Лондоны нэгэн зоогийн газрын зуны асарт энэ явдал болсон байна. Эхнэр, нөхөр хоёрын хэрүүлийн гэрч болсон хүмүүсийн ярьж буйгаар Чарльз гэнэт эхнэр рүүгээ чанга чанга хашгичиж байснаа хэд хэдэн удаа хоолойноос нь хүчтэй базсан гэнэ. Эхлээд нэг гараараа, дараа нь хоёр гараараа. Энэ үед Найжела нөхрөө тайвшруулахыг оролдож, бүр хацар дээр нь үнсч байсан гэнэ. Гэсэн ч түүний харцанд айдас хургасан, өрөвдөлтэй харагдаж байжээ. “Үнэхээр цочирдмоор зүйл болсон. Найжели үнхэлцгээ хагартал айсан харагдсан. Маш аймшигтай. Түүний нүдэнд нулимс цийлэгнэж, байн байн арчиж байсан” хэмээн уг явдлыг харсан нэгэн хүн ярьсан бол өөр нэг бүсгүй “Үнсэлт их сонин байсан. Саатчи эхнэрээ айлгаж, сүрдүүлсэн. Харин тэр нөхрөө үнсээд байсан. Найжели нөхөртөө хайртай, гэхдээ түүний доромжлол, сүрдүүлэг, үл хүндэтгэлийг зогсоох чадалгүй нэгэн байна лээ” хэмээсэн байна. Ингээд хамгийн түрүүнд Чарльз гарч явсан бөгөөд Найжели хэсэг хугацаанд ганцаараа сууж, тайвширч байгаад нүдэндээ нулимстай чигээрээ ширээний араас боссон гэнэ. Энэ үед Саатчи түүнийг холгүйхэн машиндаа хүлээж байсан аж. Харин хожим нь Саатчи болсон явдлын талаар “Долоо хоног орчмын өмнө бид зоогийн газрын зуны асарт суун хүүхдүүдийнхээ талаар ширүүхэн авч хэлэлцэж байсан юм. Би Найжелагийн хүзүүнээс өөрийн үзэл бодлыг хамгаалсандаа барьж авсан. Гэхдээ чанга биш. Энэ зүгээр л нэг хэрүүл байсан. Найжела өвдсөндөө биш харин хэрэлдсэндээ уйлсан. Бид хоёул хэрүүлийг үзэн яддаг” гэсэн байна. Харин Лоусоныг чимээ намдтал хүүхдүүдийн хамтаар хотоос гаргасан тул одоохондоо тайлбар хийх боломжгүй байгаа юм.