"ДЭЛХИЙН СОНОРЫГ МЯЛААЖ, ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ"

Moderator
3 цаг 11 минутын өмнө

Эртний түүхт Монгол Улсын эзэн эрхт, эрх чөлөөт ард иргэдээ, дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монголчууддаа Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн түүхт их ой, үндэсний их наадмын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.  

Үндэсний их бахархлыг бидэнтэй хуваалцаж байгаа дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллагуудад  монгол наадмын баярын мэнд дэвшүүлье.

Дээдсээс заяат Монгол эх оронд маань дэлгэр зуны нар хур тэгширч, эцэг тэнгэр, этүгэн газар ивээж, эрх чөлөөт омог бардам монгол хүн бүр Монголоороо гоёж, үеэс үед өвлөгдсөн үндэсний түүх соёл, төр ёсны их баяр Монгол наадмаа сэтгэл догдлон угтаж байна.

Есөн хөлт цагаан тугийн цацганд, хүчит бөхчүүдийн дэвээнд, хүлэгч хүүхдүүдийн гийнгоонд, мэргэн харваачдын суманд дэлхийд Монголоороо өнө мөнх байхын дархлаа оршдог билээ.  

Өнөө жилийн наадмаар НҮБ-аас батлан тогтоосон “Дэлхийн Адууны Өдөр”-ийг анх удаагаа өргөн дэлгэр тэмдэглэж, 55 улсын, газар газрын хүлэг морьтнууд агтны мөртэй Монгол оронд хуран цуглана. 

Монголчууд гараа сайн бол бариа сайн хэмээн хэлэлцдэг билээ. Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын эхний зуун өдөртөө зуун чөлөөлөлт хийж, олон жил дуусаагүй олон яриаг дуусгалаа. Хүслийг хяссан, хөгжлийг гацаасан чөдөр тушааг тайлж, хурсан асуудлыг хурдан шийдэж, төрийн их баяр наадмаа угтахаар ханцуй шамлан ажиллалаа. Иргэндээ, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж буй хүн бүхэнд, эрх чөлөөний хүчинд итгэж, хүнд суртлын чөдрийг тайлсан чөлөөлөлтийн эрч хүчтэй гараа байлаа. 

Төрийн их баяр наадмынхаа өмнөхөн Оюутолгой төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийн зардлыг 30 орчим их наядаар багасгаж, Монголын талын өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр өсгөж, 2039 оноос наашгүй байсан ноогдол ашгаа энэ 2026 ондоо багтаан шууд авч эхлэх түүхэн тохиролцоонд хүрлээ. 

Илүү олон жилийн төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах нийгмийн даатгалын шударга тогтолцооны шинэчлэлийг хуульчлан батлууллаа. Тэтгэвэр авагч 504 мянган хүн бүрд баталгаа болгон суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн зөрүү арилгах, хагас хуримтлалын тогтолцооны шинэчлэл эхэллээ. Хүний хөдөлмөрийн үр шимийг шударгаар үнэлж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах хууль ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 

Эдийн засгийн эрх чөлөө, татварын хуулийн иж бүрэн багц шинэчлэлээр хөдөлмөрлөж бүтээх хүслийг хясан боосон хүнд суртлын цоожуудыг нээж тайллаа. Эхний өдрүүдэд 617 монгол хүн гар утсаа товшиж мэдэгдээд, талхны цех, үсчин, дугуй, оёдол, гутал засвар, кофе шоп гэх мэт 146 бизнесээ эхлүүлээд байна. E-business.mn-д цаасаар биш цахимаар бүртүүлж, албан тушаалтантай уулзахгүйгээр зөвшөөрөл авч цагаа, мөнгөө хэмнэж байна. 2,5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой 180 мянга гаруй компани жилд 1 хувийн татвар төлөх, НӨАТ-ын босгыг 50  саяас 400 сая болгох зэрэг татварын чөлөөлөлт ирэх оны эхний өдрөөс хэрэгжинэ.  Энэ бүхэн бол хүнд суртал, авлигын хорт хөрсийг  үндсээр нь эргүүлж цэвэрлэх шударга ёс, технологийн шийдлүүд юм.   

Гадаадын банк Монголд буйраа засаж, хямд эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр шимээр зээлийн хүү буулгах холын яриа ойртлоо. Монголд анх удаа сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж,  5 аймагт 220 мВт-ын нарны цахилгаан станц, 130 мВт-ын хуримтлуур бүтээн байгуулалт эхэлж, энэ оны 12-р сард гэрэл асааж, гэгээ нэмнэ. 

Хувийн хэвшил, иргэнийхээ зах зээл, орон зайг булаан эзэлсэн данхар төрийн хэт оролцоог хумьж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн 14 компанийг нэгэн зэрэг татан буулгаж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг санаачлан батлууллаа.  Ард түмний өмчийн үнэ цэнийг өсгөж нэмэх, иргэндээ ил тод, нээлттэй засаглал тогтоон засаж залруулах их ажил ийнхүү бодит шатандаа дэвшин орлоо. 

Эмч, багш нараа ойлгомжгүй цалингаас, төрийн албан хаагчдаа давхар тайлангаас, баялаг бүтээгчдээ төлөвлөгөөт хяналт шалгалтаас чөлөөллөө.

Зуун өдөрт багтаж хийсэн ажил, хийх ажил бүр их байна. Орон сууцжуулалтын банк байгуулж, шинэ байр руу нүүх олон боломж, олон сонголттой болгох, урьдчилгаа төлбөрийн босгыг намсгах ажил эхэллээ. Түүхий эд түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөн, зэс, ган, нүүрс-пиролизийн үйлдвэрүүдийн үүдийг нээх, хууль бусаар олсон авлигын хөрөнгийг хурааж, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах зэрэг Чөлөөлье үндэсний санаачилгын дараагийн түрлэг эхэлж байна. 

 Эрх чөлөөт омог бардам монголчууд аа 

Дэлхийн сонорыг мялааж, дэнж хотойтол сайхан наадаарай. Айл гэр, азай буурай, нялхас балчир хүн бүрт баяр хөөр, аз жаргалыг хүсье. Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг, хэн бүхнийг ивээх болтугай. 

Монголын заяа их ээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна