УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

Moderator
16 цаг 33 минутын өмнө

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд
Хаврын чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталжээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Татварын багц хууль, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, Эд, эс эрхтэн шилжүүлэх тухай анхдагч хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль гэх мэт хуулиудыг баталсан байна. Татварын ерөнхий хуулийн өөрчлөлтөөр татвар төлөгчийг зөвхөн хариуцлага тооцох бус, эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөж тусалдаг тогтолцоог бэхжүүлнэ. Мөн татварын өр барагдуулах ажиллагааг уян хатан болгож, татвар төлөгчийн дансанд орж ирсэн орлогыг бүхэлд нь хаахгүй, 70 хувийг татварын өр төлөлтөд, 30 хувийг тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үлдээх зарчим тусгагдсан. Хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтөөр сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь хөнгөлөх, 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогын хэсэгт 1 хувийн татвар ногдуулахаар тусгасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын өөрчлөлтөөр НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Жишээлбэл, жилийн 300 сая төгрөгийн борлуулалттай жижиг дэлгүүр өмнө нь НӨАТ суутган төлөгч болох үүрэгтэй байсан бол шинэ босгоор НӨАТ суутган төлөгч болохгүй байх боломж бүрдэнэ. Энэ нь жижиг бизнесийн тайлан, баримт бүрдүүлэлт, мөнгөн урсгалын дарамтыг бууруулна. Мөн сайн үнэлгээтэй татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулах боломж байна. Тэгэхээр нэг онцлог татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, татварын дарамт, ачааллыг бууруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад чиглэсэн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулсан чуулган боллоо.
Хаалтын өдөр юу хэлэлцэв
-Хуралдаанаар СЕХ-ны даргаар Н.Мягмарыг томиллоо. СЕХ-ны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаранг Гаалийн Ерөнхий газрын даргаар томилсон тул тус хороо зургаан сар орчим даргагүй байсан юм. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогтоос санал болгосны дагуу Н.Мягмарыг Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар томиллоо. Н.Мягмар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг албан тушаалууд хашиж байсан билээ.
-Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: -Төр зохицуулагч л байх ёстой юм. Түүнийг л дагах гээд 36 жил бүдэрч байна. Энэ хуулийг харахад төр зохицуулагч биш оролцогч болох гээд байна. ТОСК, НОСК гээд байгууллага, банк дутаагүй. Нэг гараараа чөлөөлье гээд байгаа боловч нөгөө гараараа супер банк байгуулах гэж байна. Урт хугацааны санхүүжилт байгаа юм уу.  Яагаад банк байгуулах гэж байгаа юм бэ?
Хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан: -Энэ бол чухал хууль.  Нэг сая өрхийн 30 хувь нь л инженерийн шугам сүлжээтэй амьдарч байна. Үлдсэн 70 хувьд нь энэ асуудал хамаатай. Дэлхийн бүх улсууд энэ схемээрээ орон сууцны асуудлаа шийдсэн. Бид үүний араас л явж байна. Ганцхан үгээр хариулахад энэ банк урт хугацааны эх үүсвэрийг бүрдүүлж, төр засгийн оролцоог хангана. Таны хэлсэн олон корпорациудыг татан буулгана гэв. 
Мөн Герман улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат"-ны зээлийн болсон төслийн хэлэлцээр соёрхон батлах тухай хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Эрчим хүч дээр зээл олдох юм. Бүр экспортлох боломжтой гэдэг ч хөдлөхгүй юм. Нэг л болж өгөхгүй байна. Үнийг нь нэмсэн ч баталгаатай эрчим хүч, дулаанаар хангахгүй байна. Нүүрс, салхи, нар нь байна. Яагаад үүнийг хийж чаддаггүй юм бэ?
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: -Ер нь бол цагийн юмыг цагт нь хийгээгүйгээс, үе үеийн сайд нарын алдаанаас болж энэ бүхэн бий болсон. Бүх асуудлыг иж бүрнээр нь шийдэж байгаа. Одоо төсөл дээр яригдаж байгаа дэд бүтцийн асуудал. Мөн үнэ тарифын асуудал. Арван аймагт дулааны цахилгаан станц ажиллаж үргэлжилж байгаа. Гэвч Солногосын гүйцэтгэгч компанийн алдаанаас болж, зогссон. Санхүүжилтийг нь улсын төсвөөс санхүүжүүлж, шийдэх болсон.  Эрчим хүчний асуудал олон жил ужгирсан. Бодит байдал нь өвөлжилт дээр эрсдэл гарч болно гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна