О.Батнайрамдал та манай талд уу, баавгайн талд уу

Moderator
6 цаг 44 минутын өмнө

“Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр Харвардад төгссөн дипломоороо л “хиншүү” Ганбаагаас ялгарч буй УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас ойрын үед ингэж асуумаар санагдах боллоо. Монголын парламент үеийн үед сайжруулсан, муужруулсан “хиншүү”-гээс салахгүй нь бололтой. Оюу толгойн асуудлаар ойрын жил гаруйн хугацаанд нус нулимстайгаа хутгалдаж буй Харвардын боловсролтон О.Батнайрамдалыг эхэндээ овоо юм гэж тоож байснаа нуух юун.

Гараанаас гарсан 16 жилийн хугацаанд ганц ч удаа эрх ашгийг маань хангаж байгаагүй Оюу толгойн орд газрын ашгийг ойртуулах, “Онтрэ”-гийн хоёр лицензийг Монголын талд ашигтай шийдүүлэх, Арбитрын маргаантай байгаа татварын асуудлыг цэгцлэх, хүртэх хувийг наашлуулах ажлыг хийх нь ээ гэж итгэж байлаа. Тийм бодлоор олон монголчууд түүнд итгэж, дэмжиж байлаа. Гэтэл начир дээрээ Оюу толгойгоор шоуддаг ч хөшигний ард тэдний эрх ашигт үйлчилдэг өвгөн поп ах нарын залуу хувилбар байжээ. Хэлцэл эхэлчихсэн энэ үед хамгийн чангаар орилж, хэлэлцээрийг бусниулах, нөгөө талыг гэдийлгэх ажлыг тэр хийж байна. “Танай улстөрчид чинь эсэргүүцээд байна, бид болилоо” гэх шалтаг шалтгааныг бүрдүүлэх ажил хийсээр л.

Уг нь Монгол Улс дан ганц Оюу толгой гэдэг орд газартай биш юм. Хэд дахин том орд, лицензүүд ар, араасаа хүлээгдэж байгаа. Ураны төсөл, Зэс, Ган боловсруулах үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, Газрын тос боловсруулах үйлдвэр гэх мэтээр тоочоод байвал мундахгүй олон гоё төслүүд гараанаас гарахаар “дүүхэлзэж” буй хурдны морь шиг л уяа сойлго нь таарчихсан, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин бага ч атугай эерэг болчихвол ТЭЗҮ-гээ зарлаж, урагшлахаар хүлээсээр. Өнөөдөр гэхэд л Засгийн газар нь Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон 13 жил шинэчлээгүй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө шинэчилж, хөрөнгө оруулалтыг хазаарлаж байсан 40 хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгосноо зарлав. Энэ бол хөрөнгө оруулагчдад маш том мессеж болж очих учиртай байв.

Засгийн газар нь зөвшөөрлийн давхардлаа арилгачихлаа, зайнаас бизнес хийх боломж олгочихлоо, хөрөнгө оруулалтад саад тотгор болж байсан чөдөр тушаанаас чөлөөлчихлөө хэмээн баярлаж, гадныхан “том төслүүдэд чинь хөрөнгө оруулъя” хэмээн утас цохихоор бэлдэж байтал нөгөө талд УИХ-ын өндөр боловсролтой гэж өөрсдийгөө тодотгодог хэсэг гишүүд гарч ирээд “Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дуудах үүднээс АМНАТ-өө бууруулж байна. Тэдэнд хэзээ ч битгий боломж олго. Дэлхийд байхгүй зэсийн өндөр АМНАТ нэхэх нь бидний эрх ашиг” гэх утгатай мэдэгдэл хийж, түүнийгээ өндөр төлбөр төлж, хэвлэлүүдээр битүү цацаж байхад хэн энэ улсад итгэж хөрөнгө оруулалт хийх вэ. Монгол Улсыг ганцхан Оюу толгой төсөлтэйгөө зууралдаж, өөр ямар ч хөрөнгө оруулалт татахгүйгээр хөмөрсөн тогоон дотроо дуусахгүй хэрүүлээ хийсээр суух тархи угаалт, хорлон сүйтгэх ажиллагааг тэд хийчихлээ.

Гуравдагч орон буюу АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн гэх О.Батнайрамдал, тооноор орж ирэгч Э.Болормаа нарын гишүүд мэдээлэл хийхдээ “Эдийн засгийн байнгын хороогоор нэмэлт зэсийн АМНАТ-ийг 3 дахин бууруулах төсөл орж ирлээ. Зэсийн үнэ 15 мянган ам.доллароос дээш байсан тохиолдолд 15 хувь байсныг 5 хувь буюу 3 дахин бууруулж орж ирлээ. Зэсийн үнэ түүхэн хэмжээнд хүрч өсөж байхад яагаад бууруулав. “Онтрэ”-гийн хэлэлцээр явж байхад АМНАТ бууруулж буй нь аль талд үйлчилж буй хэрэг вэ” хэмээн мэдэгджээ. Гэтэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэхүү мэдэгдэлд хариу өгөхдөө “Буруу ойлгочихож. Зэсийн АМНАТ Оюу толгойд 5 хувийн тогтворжуулсан гэрээтэй байдаг. Шинэ хуулийн төсөлд АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10 хувийн төлбөр ногдуулахаар тусгасан. “Онтрэ” дээр 34 хувиа үнэгүй авах ёстойг Ашигт малтмалын хуулиар заачихсан. Тусгай АМНАТ-өөр орлуулж болох хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй, хөндөхгүй. Зэсийн салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол Оюу толгой, Эрдэнэт гэсэн хоёр л төсөлтэй үлдэх нь ээ. Өөр төсөл нэмэгдэхгүй, татвар төлөгч орж ирэхгүй. Нүүрсээ л шүтэж амьдрая. Яаж өөрчлөх нь УИХ-ын эрх юм, уг нь” хэмээн мэдэгдэв. Гашуун боловч гагцхүү үнэнийг Г.Дамдинням сайд хэлчихэж. Хөрөнгө оруулалтын орчныг эерүүлж хууль баталж буй энэ цагт индрийн өмнө бөөн, бөөнөөрөө зогсож “хуулийн хулгай болчихлоо” гэж орилохоос илүү өөрчлөх эрх мэдэл нь УИХ-ын гишүүдэд байдаг. Яаж ч өөрчилж, засаж болох эрхийг тэдэнд ард түмэн биш Л.Оюун-Эрдэнэ найз нь олгосныг мартчихав уу, эсвэл мэдэн будилаад явна уу. Нэмээд тогтворжуулалтын гэрээгээ ч ойлгоогүй “Харвардын боловсролт”-нууд эерэг мессежийг сөрөг мэдээллээр дарах үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

Чин үнэнийг хэлэхэд, АНУ-д боловсрол эзэмшсэн гэдгээрээ нэгдэж нийлж, хүзүү сээрээрээ хэлхэлдэж яваа экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний улс төрд хөтөлж оруулж ирсэн, кнопчид болох Б.Баярбаатар, Э.Болормаа, О.Батнайрамдал нар “Оюу толгой” гэж орилох бүртээ, “Онтрэ” гэж нулимс дуслуулах бүртээ Монгол Улсаас хөрөнгө оруулагчдыг тэр хэрээр үргээж байгаа.

Яг л эрхэм найз Л.Оюун-Эрдэнэ нь баялаг бүтээгчдээ дайсан гэж харж, “амаргүй байна” хэмээн таван жил үйлдвэрлэгчдээ намнаж, хөөж, гудамжинд гаргаж, гадны хөрөнгө оруулагчдыг үргээж, дан ганц “Рио”-д дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломж олгосон шиг. Яг л “хиншүү” хочит С.Ганбаатар ах шигээ аашилцгааж байна, тэд. Монголд өнгөрсөн хугацаанд яагаад “Рио”-гоос өөр нэг ч том хөрөнгө оруулагч ирээгүйн шалтгаан нь “Рио Тинто”-гийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон улстөрчдийн “Бүх зүйл болохгүй байна. Бид яг хулхидуулчихлаа. “Рио” биднийг цөмлөчихлөө. Одоо эднийг хөөж гаргая. Алж талцгаая” гэсэн манай талд юм шиг атлаа баавгайн талд үйлчилдэг популизмаас болсон.

Гэтэл энэ төсөлд бид бага, багаар амжилт гаргасаар л яваа. Цаашдаа ч гаргана. Хэдхэн өдрийн өмнө хэлэлцээрийн ширээний ард эв найртай сууж байгаад нэг хэлцлээ дуусгачихлаа. Араас нь барьц ахиулах байдлаар хоёр ч том эрх ашгаа хангачих чадалтай залуус энэ төрд олон бий. Харвард байтугай боловсролтой гэсэн үг. “Онтрэ”-тэй хийх хэлцэл дуусах хүртэл уурхайн зэсийн олборлолтыг тухайн хоёр ордын чиглэлд зогсоочихсон байгааг захын эдийн засгийн мэдээ үздэг хүн бүхэн мэдэж байгаа. Зэс боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт татахын тулд зарим талаар дэлхийд байхгүй, бусад ашигт малтмалаас өндөр тогтоогдсон зэсийн АМНАТ-өө бууруулах шаардлага ч бас бий. Зэсийн урт хугацааны нөөц бүрдүүлэх гарц гаргалгааг төр чадлаараа хайж байна гэсэн үг. Ингэж байж олон том төслүүдээ хөдөлгөж, түүнийхээ дараа харин “Чамтай, чамгүй манайд олон төсөл хэрэгжиж байна. Чаддаг юм бол хаяад гар л даа. Чадахгүй бол хамтраад ажилла, бидний шаардлагыг хүлээж ав” гэж “Рио”-д “салаавч” өгөх чадалтай, чансаатай болно биз дээ.

Олон том төслүүдэд хөрөнгө оруулагчаа урин дуудаж, заримдаа буулт хийж байж монгол хүнийг ажлын байртай, цалингийн үнэмлэмжтэй болгоно биз дээ. “Оюутолгой л болохгүй байна, дахиад ямар ч салбарт битгий хөрөнгө оруулалт тат, энэ улсад баялаг бүтээгчийн хэрэггүй, дэлхийд байхгүй татвараа тэднийг нухчин дарцгаая” хэмээн матрын нулимс унагаж буй О.Батнайрамдал та баавгайн талд хэдий болтол үйлчилж, төрсөн нутаг, төрөлх эх орныхоо ирээдүйг “хиншүү” болгох вэ.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна