Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Монгол Улсад хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулах төслийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-д танилцуулахаар шийдвэрлэлээ.
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах зорилгоор өгөгдлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд даалгав.
Монгол орны байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд түшиглэн хиймэл оюуны тооцоолуур бүхий "Ногоон дата төв"-ийг байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бүс бий болж, улмаар бус нутгийн дата хаб болон хөгжих боломжтой юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан их өгөгдлийн сан байгуулах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг бодит ажил хэрэг болгох суурь алхам болно.

“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ
“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн үйлчлэлд Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хамаарахыг зааж, өөр төсөл нэмж тусгахыг хориглож, эдгээр төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохоор тусгажээ.

"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна
"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны есдүгээр сарын 03-ны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколын төсөл байгуулагдсанаар Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжиж, улмаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй нийлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна
БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Анхдагч процессын болон дагалдах байгууламжууд (EPC 02), Үйлдвэрийн цахилгаан станц (EPC 03)-ын багцын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээний үнийн дүнг өөрчлөхөөс бусад техникийн болон процессын шинж чанартай асуудлаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэв.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн багцад (EPC) хуваан хэрэгжүүлж буй.

Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын талаар мэдээлэл хийлээ.
2026 онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.
Хаврын тариалалт энэ сарын 12-ны байдлаар 42.1 мянган га-д үр тариа, 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал, нийт 44.6 мянган га-д тариалалт хийжээ.

“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг эх үүсвэрийг шийдсэн.
Одоогоор 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкнууд судалж байна.









ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийт нутгаар хуурайшилт их болон нэн их байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Танилц: Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76%, ЭКСПОРТ 58.7% ӨСЛӨӨ
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна