“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна

Moderator
3 цаг 24 минутын өмнө

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдсөн Хүннү хот Улаанбаатар хотоос 53 км зайд, Зуунмод хотоос 10 км, “Чингис хаан” Олон Улсын Нисэх буудлын орчимд Богд уулын өвөр Хөшигийн хөндийд байрлана.

Засгийн газар, яам агентлагуудын цогцолбор, Эдийн засгийн чөлөөт бүс, Их дээд сургууль, оюутны хотхон, Тээвэр логистикийн нэгдсэн төв, Олон улсын нисэх буудлын чиглэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд нийт 150,000 хүн амтай, шинээр 80,000 орчим ажлын байртай, 10.5 сая мкв барилгажих талбайтай байхаар төлөвлөгдсөн. 

Бүтээн байгуулалтын суурь ажил болох цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэх хүрээнд 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын явц 95 хувьтай байна. Мөн Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай хэрэгжиж буй бөгөөд энэ онд дуусгахаар төлөвлөсөн.

Дэлхийн улс орнууд хот байгуулахын урьтал нь үерийн хамгаалалтын сувгийг шийддэг. Энэ жишгээр Хүннү хотод үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажлыг эхлүүлсэн бөгөөд нийт ажил 82 хувьтай хэрэгжиж байна. Мөн Хүннү хотод дэлхийн жишигт нийцсэн транзит зочид буудлыг төлөвлөж өгснөөрөө онцлогтой. Тухайлбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2025 онд нийт 45 мянган транзит зорчигч хүлээн авсан нь транзит зочид буудлын хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулжээ. Тиймээс бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан "Чингис Хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэж "Улаанбаатар-Хүннү" транзит зочид буудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Транзит зочид буудал барих бэлтгэл ажил 75 хувьтай үргэлжлэн явагдсаар байна. 

Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км автозам барихаар төлөвлөгдөж, замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байгаа юм. Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Тус авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна. 

Түүнчлэн хоногт 3000 куб ус цэвэрлэх боломжтой цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 26 хувьтай явагдаж байгаа бөгөөд төслийг үндэсний компани болох “Комфорт Импекс” гүйцэтгэж байгаа юм.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна