Л.Энх-Амгалан: Багшийн ачааллаас эхэлж чөлөөлнө

Moderator
3 цаг 29 минутын өмнө

Боловсролын сайд Л.Энх-Амгалан ажлаа хүлээн авч 01 албан тоотоор дараах чиглэлийг үүрэг болгожээ.

-Монгол Улсын ерөнхий сайдын дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг боловсролын салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх, Боловсролын ерөнхий хууль болон салбарын бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, Боловсролын яам, харьяа байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, ажил эрчимжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ДААЛГАХ нь:

1. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд:

1.1. Боловсролын салбарыг хууль, тогтоомж, аливаа дүрэм журмын хийдэл, хязгаарлалт, давхардлаас чөлөөлөх чиглэлээр холбогдох судалгааг хийж, хүчингүй болгох, өөрчлөх шаардлагатай захиргааны актын жагсаалтыг гаргаж, шинэчлэн хэрэгжүүлэх;

1.2. Төрийн хүнд суртал, давуу байдал, хязгаарлалтыг бууруулах чиглэлээр боловсролын салбарт иргэдээс нийтлэг ирүүлж буй гомдол, саналыг эрэмбэлж, ашиг сонирхол үүсгэж байгаа аливаа үйл ажиллагааны арга аргачлал, зохицуулалтыг өөрчилж, ил тод нээлттэй болгох, эс үйлдэхүйг үл тэвчих;

1.3. Зөвшөөрлийн хүнд суртлаас иргэд, байгууллагыг чөлөөлж, цахимжуулах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд орчин үеийн технологи шийдлийг нэвтрүүлэх, аливаа хууль бус дарамт шахалт, хязгаарлалтыг зогсоох;

1.4. Бүх түвшний боловсролын болон сургалтын байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдын чадваргүй байдал, ёс зүйгүй үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоож, боловсролын үйлчилгээг чанартай, шат дамжлагагүй, түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэн, төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан бодлого, санаачилгыг дэмжих.

2. Боловсролын ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр:

2.1. Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтэд шаардлагатай дүрэм, журам, аргачлалыг яаралтай боловсруулах, ажилтан, албан хаагчид хариуцсан чиг үүргийн хүрээнд хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, боловсролын үйлчилгээг суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүртээмжтэй, түргэн шуурхай, ашиг сонирхлын зөрчилгүй хүргэх;

2.2. Боловсролын салбарт 2024, 2025 онд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт өгөн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, бодлогыг нарийвчлан төлөвлөж хэрэгжүүлэх;

2.3. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл болон 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэлийг бүрэн хангаж, салбарын хэмжээнд нэн тулгамдсан, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай асуудлыг эрэмбэлэн шийдлийн хамт танилцуулах, бүх нэгж, байгууллагууд нэг сарын төлөвлөгөө гарган ажиллах;

2.4. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай, хариуцлагатай зохион байгуулах, салбарын бүх байгууллагад сахилга, хариуцлагын нэгдсэн шаардлага тавьж ажиллах;

3. Ажил эрчимжүүлж, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах чиглэлээр:

3.1. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилт болон багш, ажилтны дутагдал, чанарын талаарх бодлого, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг тайлагнах;

3.2. Боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчдын цалин хөлсний бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаарх танилцуулга, холбогдох бичиг баримтыг бэлтгэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;

3.3. “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, батлуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх;

3.4. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, суралцагчийн хоол хүнсний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг эх асран хамгаалагчийн оролцоог хангаж, хяналт үнэлгээг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.5. Иргэд ажил, амьдралын орчинд цахим технологи, хиймэл оюуныг үр дүнтэй ашиглахад шаардагдах ур чадвар эзэмших боломжийг орон нутгийн Насан туршийн суралцахуйн төвөөр олгох;

3.6. Хот, хөдөөгийн, төрийн болон төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын чанарын ялгааг багасгах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх;

3.7. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг хууль, тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлж, холбогдох тогтоол шийдвэрийг батлуулан, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах;

3.8. Багш, бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2026 оны гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалт, арга зүйг шинэчлэн, холбогдох талуудтай зөвшилцөх, саналын дагуу журмыг яаралтай өөрчлөх, холбогдох тогтоолыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх;

3.9. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимжүүлж, 1-5 дугаар ангийн сурах бичиг, багшийн номын эхийг зохиох ажлыг эхлүүлэх;

3.10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны “Засгийн газарт чиглэл хүргүүлэх тухай” 03 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчит уламжлалт анагаах ухааны төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг батлан 2026-2027 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх;

3.11. Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдыг боловсролд тэгш хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын цогц дэмжлэг үзүүлэх чиглэлээр салбар дундын зохицуулалтыг сайжруулж, ажлыг эрчимжүүлэх;

3.12. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны ур чадварын шаардлагад нийцсэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг ажлын байранд түшиглэн, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хувилбарт саналыг боловсруулж, танилцуулах;

3.13. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежуудын сургалтын чанар, нийцэл, багшийн мэргэжлийн хөгжил, санхүүжилтийн талаар хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах;

3.14. Мэргэжлийн боловсролд уул уурхай, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх чиглэлээр ажлын байран дахь хосмог сургалтыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бусад талуудтай зөвлөлдөх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

3.15. Дээд боловсролыг чанар, үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлэх бодлогын хэрэгжилт болон их сургуулиудын ангилал, эрэмбэ тогтоох ажлын явц, үр дүнг тайлагнах, төрийн өмчийн их сургуулиудын нэгдсэн удирдах зөвлөлийг сэргээх, идэвхжүүлэх, их сургуулийн засаглал, томилгоо, хараат бус байдлын өнөөгийн нөхцөлийг үнэлж, илэрсэн зөрчлийг арилгах шийдэл боловсруулан танилцуулах мөн төрийн өмчийн их сургуулийн тогтмол зардлын журам, түүний хэрэгжилт, гүйцэтгэл, чанарт хяналт хийж, дүгнэлтийг танилцуулах;

3.16. Эрэлттэй, тэргүүлэх болон илүүдэлтэй мэргэжлийн жагсаалтын судалгааг шинэчлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, танилцуулах;

3.17. Боловсролын зээлийн сангийн нөхцөл байдал, үүсэж буй асуудал, шийдэл болон зээл, тэтгэлгийн мэдээллийг нэгдсэн байдлаар ил тод болгож, олон нийтэд нээлттэй мэдээлэх ажлын явц үр дүн, зөрчилтэй ойлголтуудыг хууль, хяналтын байгууллагатай хамтран шалгаж, ажлын үр дүн, зээлдэгчдийн эргэн төлөлтийг уян хатан, шаталсан системд шилжүүлэх зэрэг ажлуудын үр дүнг тайлагнах.

4. Сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр:

4.1. Яам, харьяа байгууллага, салбарын хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлж, бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимд ажиллан, үр ашиггүй зардлыг танах, яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг дахин төлөвлөх;

4.2. Төсөв, санхүү, хүний нөөцийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх;

4.3. Багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтийн хүсэлтийг хүлээн авах утас, цахим хаягийг идэвхжүүлж, санал хүсэлтийг тухай бүр түргэн шуурхай шийдвэрлэх;

4.4. Ажлын цаг ашиглалт, бүтээмж, сахилга хариуцлагыг сайжруулах, ажлын гүйцэтгэл, үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажил зохион байгуулах;

4.5. 2025-2026 оны хичээлийн жилийн 3 дугаар улирлын хичээл, сургалтын улирал эхлэхтэй холбогдуулан суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглох чиглэлээр зөвлөмж чиглэлийг боловсролын сургалтын байгууллагуудад хүргүүлэх;

4.6. Боловсролын үнэлгээний улирал эхэлж байгаатай холбогдуулан үнэлгээг алдаагүй, зөрчилгүй зохион байгуулах, иргэдийн санал гомдолд хугацаа алдалгүй хариу өгч ажиллах;

4.7. Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, үер, гал усны эрсдэлд өртөхгүй байх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, зөвлөгөө мэдээллийг эрчимжүүлэх;

4.8. Боловсролын яам, харьяа байгууллагуудын уялдаа холбоог хангах нэгдсэн мэдээллийн тогтолцоог бий болгох, шийдвэр гаргалтыг өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэх;

4.9. Яам болон харьяа байгууллагууд авлигын эрсдэлийн үнэлгээг холбогдох байгууллагуудтай хамтран хийж, үр дүнг танилцуулах, хариу арга хэмжээ авах.

5. Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн мэдээллийг сар бүр Боловсролын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлж байхыг Боловсролын яамны бүтцийн нэгжийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагуудад, биелэлтэд нь хяналт тавьж, үр дүнг нэгтгэн Боловсролын сайдын шуурхай хуралд танилцуулж байхыг Төрийн нарийн бичгийн дарга /Х.Батжаргал/-д тус тус үүрэг болгосугай.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.232
    1 цагийн өмнө

    1.4 энэ тэтгэвэртэй суух болсон буруу зөнөсөн Нээх их ёс зүй ярьсан шударга бус удирдлагуудаа суулгаж шинэ залуу боловсон хүчнүүдээ дэмжиж сөб сургалтын хөтөлбөр яг хөрсөн дээр яаж хэрэгжиж байгааг нь судлаач ээ. 3.8 гүйцэтгэлийн үнэлгээ 2025 өнгөрсөн жилийнх өмнөх өмнөхөөсөө хамаагүй хялбар зөв байсан шүү.

    Хариулах