Эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгох, импортын цахилгаан эрчим хүчийг орлох стратегийн ач холбогдол бүхий “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна.
Тодруулбал, төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусч, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгуудыг хийгээд байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байгаа юм.
ТЭЦ-2-ын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газарт баригдах тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан гүйцэтгэх юм. Энэ хүрээнд захиалагчийн өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-д төслийн барилгын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг олгож, Нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох эрхийг баталгаажуулсан. Ингэснээр "Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ нь барилга угсралтын ажлын гүйцэтгэл, чанар, тоног төхөөрөмжийн туршилт тохируулга, ил далд ажлын баталгаажуулалт, ашиглалтад хүлээн авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангах чиглэлд ажиллах юм. Үүнтэй зэрэгцэн түншлэлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт гэрээ, төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулах ажил үргэлжилж байна.
ДЦС-5 нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хотын баруун бүсийн өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангахад чухал ач холбогдолтой. Станц цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглаж буй. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
Дүүжин замын тээврийн төслийн 2 буудлын барилгын ажил дуусаж, дотоод засал хийж байна
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэж, шуурхай хүргэлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна