Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн жишгээс бага. Иймээс хороо, дүүргүүд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Ногоон байгууламж нэмэгдэх нь агаарын чанарыг сайжруулах, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Гэтэл хотын бүсэд орж ирсэн адуу, мал ногоон байгууламжийг сүйтгэх, шинээр тарьсан мод, зүлгийг гэмтээх тохиолдол цөөнгүй гарч байна. Нэг удаагийн тохиолдол байж болох ч давтан орж ирсээр байдаг нь асуудал үүсгэдэг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн чиглэлээс орж ирсэн адуу мал олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон ногоон байгууламжийг сүйтгэсэн жишээ бий. Мөн хотын орчинд адуу, мал орж ирэх нь өөрсдөд нь ч эрсдэлтэй. Өвлийн улиралд авто замд цацдаг давс, бодисыг адуу хужиртай андуурч идэх нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд малчид ёс зүй, хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн ногоон байгууламжийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Манай дүүргийн хэмжээнд 5-6 азарга адуу байнга орж ирж, гаргах арга хэмжээ авсны дараа дахин орж ирэх асуудал давтагддаг. Тухай бүрд нь тууж гаргах, торгууль ногдуулах арга хэмжээ авч байгаа. Эдгээр адуу нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан орчим болон Чингэлтэй дүүрэг, Баруун, Зүүн салааны уулсаар дамжин орж ирдэг. Зарим тохиолдолд эзэн нь тодорхойгүй байдаг тул түр хашаалж, хамгаалалтад авах арга хэмжээ авдаг. Дүүргийн хэмжээнд Баруун салаа, Толгойтын Найрамдалд адуу, мал хаших зориулалтын хоёр байршил ажиллаж байгаа. Гэвч зарим иргэд шөнө оройн цагаар ирж, хашаа эвдэн малаа авч явах зөрчил гаргадаг нь хүндрэл үүсгэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд дүүргийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн оноос эхлэн гэрээт эргүүлүүдийг ажиллуулж, мотоциклтой эргүүл өдөр, шөнөгүй хяналт тавин ажиллаж байна. Мөн ойн зурвас байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг дүүргийн төсвөөр үе шаттай хэрэгжүүлж байна. “Мөн энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Бумбатын рашаан орчимд тохижилт, ногоон байгууламж байгуулахаар төлөвлөж, адуу, малаас хамгаалах хашааг давхар шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ
Хахууль өгөхийг завдсан иргэнийг шүүхээс 3 сая төгрөгөөр торголоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
"Чингис хаан" ОУНБ руу явдаг Х:20 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна