Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажилласны дараа Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг тус аймгийн удирдлагууд болон Өлгий цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.


Ерөнхийлөгч Наурызын баярт зориулсан баярын хуралд оролцон, казах түмэнд Хаврын баярын мэнд өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ.
Үүнд Баян-Өлгий аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.



Баян-Өлгийчүүд өвлийг өнтэй давж, олсон ололт, амжилтаа улам бататгах дүүрэн итгэл, өөдрөг сэтгэлээр хаврын баяртайгаа золгож байгааг аймгийн Засаг дарга Ё.Зангар хэлж, Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар товч танилцууллаа.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 83 аж ахуйн нэгж 12 тэрбум төгрөгийн зээл авч эрчимжсэн мал аж ахуй, мал төхөөрөх, мах боловсруулах, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Баян-Өлгий аймаг төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж, илүү гарсныг хөрш зэргэлдээ улс руу гаргадаг байсан үе бий.
Нэг хэсэг импортын ногоо хэрэглэдэг байсан бол “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” зэргийн дүнд газар тариалангийн салбар эргэн сэргэсэн. Ирэх намар хэрэгцээт төмсний 70, хүнсний ногооны 25 хувийг өөрсдөө хангахыг зорьж байна.


“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн 20 гаруй хүүхэд Орос, Хятад, Америк, Турк, Унгар, Чех, Польш, Казахстан зэрэг улсад суралцаж байна.
Үр хүүхдээ эрдэм номд шамддаг, хөдөлмөрч, хичээнгүй болгон хүмүүжүүлсэн эцэг, эх, төрөл төрөгсдөд нь Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөтөлбөр, хуулийн төсөл, түүний дотор нийгмийн анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төслийг иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Мөн Өлгий хотын агаарын бохирдол ихэсч байгааг шүүмжилж, тарьсан модоо арчилж тордоход ахмад настнуудын хүчийг ашиглах, айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах чиглэлээр дорвитой ажил хийх шаардлагатай байгааг ч хэлж байлаа.



Баян-Өлгий аймаг өнгөрсөн онд хаягдал ус цэвэрлэх байгууламж, төмөр бетон гүүр, авто зам, Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газар, Булган, Алтанцөгц, Бугат сумын цахилгаан хангамжийн байгууламж, аймгийн 100 ортой Нэгдсэн эмнэлэг, Улаанхус сумын 150 ортой, Өлгий сумын 120 ортой эмнэлэг, Ногооннуур, Булган сумын 50 ортой шинэ цэцэрлэг, Дэлүүн, Бугат сумын хатуу хучилттай авто зам зэргийг ашиглалтад оруулсан байна.
Энэ онд Аялал жуулчлал, спортын цогцолбор, төрийн албан хаагчдын орон сууц, Өлгий, Алтанцөгц, Алтай суманд тус бүр 100 ортой цэцэрлэг зэргийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Баян-Өлгий аймгийн хөдөлмөрч ард иргэд бүс нутгийнхаа төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
“Хан Жаргалант Ховд” хоршоо аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна