О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу

Moderator
8 цаг 7 минутын өмнө

Хаврын улс төр намрынхаас ч халуун болж мэдэх үйл явдлууд өрнөж эхэллээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа “Галаар битгий наадаарай. Би үндэсний хэмжээний тэмцэлд уриалж чадна шүү. Надад нэг хувийн ч айдас байхгүй” гэж дурдсан. Харин түүний дараа УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа “ТЕГ надад хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ чинь Засгийн газрын харьяа байгууллага биз дээ” гэж ярьсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү, Х.Булгантуяа Г.Занданшатарын Засгийн газар болон Үндсэн хуулийн Цэц, хууль хяналтын байгууллага тийш “сум” тавьсан медиа улс төрөө ийнхүү идэвхжүүлэв. Харин тэр хооронд хотын мэр Х.Нямбаатар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай дайтаж, өнөөдөр (2026.03.16) Ерөнхий сайдын өрөөнд халз туллаа. Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан хоёр нэгэн цагт зүү орох завсаргүй найзууд явцгаасан. Харин одоо Х.Нямбаатар Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс Э.Бат-Амгалангаар дамжуулж, Г.Занданшатарын Засгийн газар, бүр цаашилбал МАН руу шидсэн чулуу төдийхөн болоод байна. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Э.Бат-Амгаланг ноцож, Засгийн газар, МАН-ыг харлуулах даалгавартай шинэ цагийн “Терминатор” болов.

УИХ-ын дарга Н.Учрал хаврын чуулганы нээлтийн үеэр “Нийт 81 хуралдаанаас ердөө 19 хуралдаанд суусан гишүүн ч байна” гэсэн нь Х.Баттулга. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентад ёс зүйн хувьсгал хийж, үндэсний эв нэгдлээ эрхэмлэхийг сануулсан нь Х.Баттулгад таалагдаагүй бололтой. Сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэр ямар реакци гаргасныг ажиглав уу. “Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихгүй” гэсэн... Х.Баттулга ийн хэлсний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл камерийн өмнө гарч ирэв. О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, Б.Жаргалан тэргүүтэй “Жэнко” бригадынхан энэ үеэр “Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдэв. Л.Оюун-Эрдэнэ, Х.Булгантуяа нар ар араасаа онилсон байтай, оноосон сэдэвтэй гарч ирж ярилцлага өгсний дараа Х.Баттулга “У.Хүрэлсүхийн хуулийн төслийг дэмжихгүй” гэлээ. Түүний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл Н.Учралаар Г.Занданшатарыг цохиж унагах утга бүхий улс төрийнхөө оршлыг хэллээ.   

Хаврын чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны хэргээр шүүгдсэн Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр Н.Алтанхуяг, Х.Баттулга, О.Цогтгэрэл нарт хүнд цохилт болсон нь тодорхой. Учир нь Х.Баттулга болон О.Цогтгэрэл, Д.Дорлигжав тэргүүтэй UBS-ийнхэн Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхээр хүчээ төвлөрүүлж байсан юм. Гэвч Н.Алтанхуяг шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоноос хасагдлаа. Тиймээс Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нар МАН-аас хариугаа авахаар шийдэж, УИХ-ын дарга Н.Учралыг онилсон хэрэг. Харамсалтай нь “Хойд талын хар овоохой”-оос Н.Учрал руу О.Цогтгэрэлээр шидүүлсэн “чулуу” байндаа туссангүй. Учир нь намын дарга УИХ-ын даргын албыг хашиж байсан бодит кейсүүд Монголын улс төрд бий. Тухайлбал, З.Энхболд АН-ын дарга байхдаа УИХ-ын даргаар ажиллаж байсан. МАН-ын дарга асан М.Энхболд ч мөн адил УИХ-ын дарга байв. Тэгэхээр Х.Баттулга гэдэг “Хойд талын хар овоохой”-оос УИХ-ын дарга Н.Учрал руу шидүүлсэн “чулуу” хол явахгүй нь ойлгомжтой.  Магадгүй, тэрбээр энэ удаад МАН-ыг түншиж үзсэн ч байж мэдэх юм.

С.Тулга

Эх сурвалж: Analiz.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна