Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, С.Зулпхар, Б.Баярбаатар, Б.Хэрлэн нарын ирцтэйгээр эхлүүллээ.
Хуралдааны эхэнд 2017-2025 онд Удирдлагын академиас хийсэн судалгааны тайланг бүлэглэж гаргасан “Асуудал- үр дагавар- шийдэл”-ийн талаарх саналыг тус академийн захирал Д.Байгал танилцуулав. Тэрбээр, засаглал, төрийн байгууллага, төрийн албаны хүний нөөцийн бодлого, удирдлагын талаар болон төрийн албаны үнэт зүйлс, ёс зүй, эдийн засаг, төсвийн асуудал, нутгийн удирдлага, нийгмийн бодлогын хүрээнд тулгамдсан асуудал, үр дагавар, шийдлийн талаар дурдлаа.
Тухайлбал, парламентын хяналт бодит бус болж, сайд нар хууль тогтоох болон гүйцэтгэх үүргийг давхарлан хэрэгжүүлснээр ашиг сонирхлын зөрчил, бодлогын тогтворгүй байдал үүсдэг гэв. Иймд Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах хүрээг хуулиар хатуу хязгаарлах шаардлагагаас гадна засгийн газар ойр ойрхон өөрчлөгдөж, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого тасалдах, салбар, яамд хоорондын уялдаа алдагддаг гэлээ.
Төрийн байгууллагын тухайд үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт оновчтой биш, ажлын гүйцэтгэлийн тайлан нь ажил болж хэрэгжихгүй, гүйцэтгэлд суурилсан хариуцлага ба урамшуулал бодитой хэрэгждэггүй тул гүйцэтгэлийн удирдлагын эрх зүйн орчныг шинэчилж, байгууллага нэгж, албан хаагчийн төлөвлөгөөг нэг логикоор уялдуулах, хэмжигдэхүйц KPI-ийн стандарт гаргах, улирал тутмын ажлын эргэх холбоо, сайжруулалтын төлөвлөгөөг заавал хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн тэрбээр, ёс зүйн зөрчлийг зөвхөн шийтгэлээр ойлгодог, урьдчилан сэргийлэлт, зөвлөгөө, дэмжлэгийн механизм сул байгаа нь жижиг зөрчил системийн том асуудал болж хуримтлагдсан гэв. Иймд шүгэл үлээгчийн хамгаалалт, дотоод зөвлөгөө өгөх сувгийг нэвтрүүлж, ажилд орох, гарах үед ёс зүйн зааварчилгаа өгөх, салбар бүрийн эрсдэлд тохирсон урьдчилан сэргийлэх гарын авлага, богино хугацааны сургалт хийх зэрэг шийдэл байгааг тэмдэглэв.
Үүний дараа Улсын Их Хурлын даргын зөвлөх С.Тэнгис төрийн бүтээмжийн чиглэлээр мэдээлэл өгсөн бөгөөд яриандаа төрийн алба, төрийн чиг үүрэг, засаглал, хяналтын тогтолцоо, цахим шилжилтийн асуудлаар хийсэн судалгаагаа танилцуулав. Тэрбээр, төрийн бүтээмж нь төрөөс зарцуулсан нөөцийг иргэдэд бодит үр дүн, үйлчилгээ болгон хувиргах үр ашиг, үр нөлөөг илэрхийлнэ хэмээн тодотгож, олон улсын жишгийн талаар харьцуулсан дүнг үзүүллээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улсын төрийн үр ашиг нь ижил төстэй эдийн засагтай орнууд болон хөрш орнуудтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгааг дурдсан. Мөн тогтолцооны хувьд Төрийн албаны хууль 2019 онд хэрэгжиж эхэлснээс хойш 47 дүрэм журам дагалдаж гарсан, төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг салбарын 34 хуулиар нэмж зохицуулдаг, томилгоонд 86 хоног зарцуулдаг, Засгийн газрын төлөвлөгөөний хэрэгжилт болон албан хаагчийн гүйцэтгэл 59 хувийн зөрүүтэй байдаг нь тулгамдаж буй асуудал болж байгааг тэрбээр онцоллоо.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг процессийн дахин инженерчлэлийн судалгааны чиглэлээр танилцуулсан. Хүн төвтэй байх, процессыг бүхэлд нь шинжлэх, үр ашиг, бүтээмжийг дээд хэмжээнд хүргэх, цахим шилжилт, технологийг үр ашигтай, ухаалгаар ашиглах, хамтын ажиллагааг сайжруулах, тасралтгүй сайжруулалт ба хяналтыг тогтомол хэрэгжүүлж хэвших, удирдлагын манлайлал ба өөрчлөлтийн удирдлагаар хангах үндсэн зарчмыг баримталсан байна. Энэ хүрээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийн шинжилгээ хийсэн байна. Үүнд 636 байгууллагын батлагдсан орон тоо 39,269 бөгөөд нийт 36859 төрийн албан хаагч ажиллаж байгааг дурдлаа. Мөн тэрбээр, процессын дахин инженерчлэлийг төрийн шинэчлэлийн бодлогын түвшинд тусгаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн байгууллагын процессын удирдлагын нэгдсэн тогтолцоо, үндэсний чадавхийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааг өгөгдөлд суурилсан удирдлагад шилжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад процессын шинэчлэлийг чиглүүлэх зэрэг саналыг хэллээ.
Дээрх танилцуулгуудын дагуу гишүүд асуулт асууж, цаашид төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Цахим хяналтын эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна