С.Баяр: Одоогийн МАН-д алдаа завхрал их бий. Архагших талдаа гарсан ч байж мэднэ

Moderator
17 цаг 11 минутын өмнө

Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой өчигдөр тохиож, МАН Тусгаар тогтнолын ордонд баярын арга хэмжээг зохион байгуулсан. Тэгвэл энэхүү арга хэмжээ болон цаг үеийн улс төрийн үйл явцтай холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Гунигт бодол төрөв. Өчигдөр МАН-ын ой болж. Энэ өдрийг "Эх орончдын өдөр" гэж зарлан бүх нийтийн баяр болгохыг санаархаж. Олон намтай улсад нэг намын төрсөн өдрийг тийм баяр болгох аргагүй. Тэр намынхан нь л хүрээндээ тэмдэглэнэ биз. Эс бөгөөс нэг хэсэг нь албан ёсоор баярласан царайлдаг, нөгөө хэсэг нь албан ёсоор хорсож гомдоод, хараал зүхлээ бардаг өдөр шиг болж. Өөр намын, уг нь эрүүл тархит ганц нэг танил маань хүртэл муу үгээ нэмэрлэж. Утга алга. Хэн нэгний төрсөн өдрөөр баяр хүргэхгүй байж болно. Хараах зүхэх албатай юу.

Түүх бол ийм шүү дээ. МАН 105 жилийн өмнө төрсөн. Тэр үед улс орныг нь гамин бароныхан түйвээж асан тул "Монголоо аваръя" гэсэн хэдэн нөхөр хилийн цаана гарч Оросын нэг гацаанд хуралдсан. Оросууд ч олзуурхан тусалж. Ерөөс 1911 оноос хойш урд зүгийн нөлөөнөөс салахын тулд хойд зүг рүү хардаг, явдаг болж. Богдынхоо захиаг хүртэл өвөртлөн тийш зүглэнэ. Тэр зуур "цагаан" Орос "улаан" болсон, Монголд нөлөөлдөг нөлөө нь нэмэгдсэн. ХХ зуунд Монгол улс зовлон үзсэн, бас хөгжсөн түүхтэй. Аль алинд нь МАН-ын оролцоо их бий. Түүхээ, түүнийхээ нэг гол бүтээгчийг харааж зүхээд яах юм, юу өөрчлөгдөх юм.

Одоогийн МАН-д алдаа завхрал их бий. Сонгуулийн 3 дахь бүрэн эрхийн хугацаандаа засаглаж байгаа тул тэр алдаа завхрал нь архагших талдаа гарсан ч байж мэднэ. Тэр бүхнийгээ засъя, хөрсөн дээрээ бууя л гээд сая өнгөрсөн төрсөн өдрөөрөө яриад байх шиг. Ерөөс алдаа завхрал огт үгүй нам манайд бий юу. Эрх мэдэл, албан тушаалд хүрч үзсэн нь бүү хэл, огт үзээгүй яваа нь хүртэл элдэв гажигтай болсон харагддаг. Ингэж хэлснээрээ МАН-ыг бүү шүүмжил, буу муул гэж буй юм биш. Муул, шүүмжил. Тэгэхийн зэрэгцээ өөрийгөө эрүүл нүдээр сэм нэг ажиглаад, дүгнэлт хийгээрэй л гэж хүсч буй юм" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна