Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж эхэлсэн тул “COP17” хурлын Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ЗГ-аас ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэв

Moderator
4 цаг 21 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.02.04) энэ оны наймдугаар сард манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцахаар ирээд байгаа тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа.

Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуй, заншилтай манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, цөлжилт, газар бэлчээрийн доройтлыг хамгийн сэргэг мэдэрч, бодитоор амсаж буйн хувьд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, үр дүнг анхнаас нь тууштай дэмжиж ирснийг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд онцолж, COP17 хурлын бэлтгэл ажлын талаар товч танилцууллаа. Энэхүү олон улсын хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хууль тогтоох байгууллага шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгийг тэрбээр тэмдэглэж, НҮБ-ын Нарийн бичгийн даргын газрын бодлогын удирдамж, мэргэжлийн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ буюу 2025 оны долдугаар сард COP17 хурлын Ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Тэрбээр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллах болсон тул Засгийн газраас COP17 хурлын дараагийн Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгийг тэрбээр Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцууллаа.

Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад цөлжилттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын идэвх санаачилгыг сайшааж, COP17 хурлын бэлтгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газар болон Монголын ард түмэнд талархал дэвшүүлсэн юм. Тэрбээр Монгол Улсын манлайлал, тэнцвэртэй гадаад бодлогын үр дүнд COP17 бага хурал Конвенцид оролцогч талуудын байр суурийг ойртуулж, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх эерэг итгэлцэлд суурилсан талбар байх болно гэж итгэж байгаагаа илэрхийлэв.

Олон улсын бага хурлыг Монгол Улсын иргэдэд төдийгүй дэлхийн дахинд хүртээмжтэй бодит үр шим бүхий чухал үйл ажиллагаа болгохыг зорьж ажиллахаа Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад дурдаж, парламентын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой, бодит оролцоог хангах асуудалд онцгойлон анхаарна гэсэн юм. Иймд тэрбээр COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцах хүрээнд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, цөлжилт, ган гачиг, газрын доройтлын эсрэг үйл хэрэгт олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож буйгаа танилцууллаа.

Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Яап Ван Хиердэн, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нью-Йорк дахь албаны захирал Ражеб Булхаруф болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна