ЭМДС-д учирсан 781 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ

Moderator
2026/01/20

Тээврийн прокурорын газраас 2025 оны жилийн эцсийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 652 хэргийг шүүхээр шийдвэрлүүлснээс 421 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 781 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

Шүүхээр шийдвэрлэсэн хэргээс “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан 314, хүнд хохирол учруулсан 88, хүний амь нас хохироосон 19 хэрэг байна.

Тээврийн прокурорын газраас 2025 оны байдлаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлсэн хохирлын хэмжээг өмнөх онтой харьцуулахад 309 саяар буюу 1.6 дахин, шийдвэрлүүлсэн хэргийн тоо 174 хэргээр буюу 41.3 хувиар тус тус өссөн байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн прокурорын газраас зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна