Р.Эмүжин: ТЕГ таван жилийн мөрдлөгийн үр дүн, баримт нотолгоо байгаа гэдгээ мэдэгдэж байлаа,бичлэгийг нь хаалттай байдлаар үзүүлсэн ч гэдэг...

Moderator
2026/01/19

Урвагчийн сүүдэрт

Хүн бас өөрөөсөө бусдыг хардаг, боддог байх хэрэгтэй лдээ. Яруу найрагч хүн эх орноосоо урвасан хэргээр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс, Эрүүгийн хуулийн 19.4.1 гэсэн зүйл ангиар есөн жил зургаан сарын хорих ял авч, үүнийг нь гурван шатны шүүхээр хянаад хүчин төгөлдөр болсныг Нийслэлийн прокурорын газраас баталгаажуулан мэдээлсэн. Уг зүйл анги нь гаднын тагнуулын албатай хамтран ажилласан гэсэн тодорхой заалттай. Тухайн үед УИХ-ын гишүүд асуулга тавьж, ТЕГ таван жилийн мөрдлөгийн үр дүн, баримт нотолгоо байгаа гэдгээ мэдэгдэж байлаа, бичлэгийг нь хаалттай байдлаар үзүүлсэн ч гэдэг. За ингээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж, өнөө хүн маань хоригдлоо. Тухайн үед нь гаднын явуулгад өөрөө мэдэлгүй автах, эх оронч сэтгэлийг нь олзлон далимдуулж ашиглах харийн технологид хэн хүнгүй хянамгай байх цаг ирсэн талаар өгүүлж байлаа. Аминдаа уучилчих гээд л шалтгаан хайгаад байгаа юм. Туурга тусгаар улсынхаа ТЕГ-т итгэнэ гэдгээ ч хэлсэн. Хэрэгтэн нь ч яахав, ТЕГ шуурхай ажилласны үр дүнд хор хөнөөл багахан учруулаад ялаа аваад явлаа. Ард нь Монголын оюун санааны ертөнц гуйвж үлдсэн. Соён гэгээрүүлэгч, нийгмийн оюун санааг түүчээлэгч, нийтийн сэтгэлзүйн домч болдог нийт яруу найрагчид маань хохирсон, ганц шүлгээ постлох, ганц нийтлэлдээ эх орон гэж дурдах эрхгүй болсон. Шүлэг нийтлэнгүүт "Танай муусайн яруу найрагчид ингэж уянгалчихаад тэгээд урвадаг, та нарын наад шүлэг яруу найраг гэж юу байдаг юм, урваачид шд" гэсэн коммент, хандлага, хардлага нөмрөөд л ороод ирсэн. Тэр байтугай ер нь энэ яруу найрагч, зохиолч гэдэг хүмүүс чинь ямар мөнгөөр яаж амьдардаг юм бэ гэсэн нийгмийн хэлэлцүүлэг хүртэл багахан хэмжээнд өрнөсөн. Монголын яруу найрагч, сэтгэгч, зохиолчдыг ийм хэмжээнд унагааж, үгийг нь үнэгүй, үзэл санааг нь бядгүй болгох гэж зориуд тэр эмэгтэйг гаднын тагнуулын байгууллага нь сонгож авсан юм болов уу ч гэж бодоход хүрсэн. Бид салбараараа, шүлэг бүтээлтэйгээ, нэр төртэйгээ, оюун санаатайгаа хохирсон, энэ бол үнэхээр эдгээхэд хэцүү шарх юм билээ. Хоёр жил өнгөрөхөд алгуур боловч сэргэж, агуу соён гэгээрүүлэгчдийн буурин дээр сууж үлдсэн юм болохоор эрх биш эргээд өндийх аядсан. Ерөнхийлөгч ч гэсэн нийт зохиолч, яруу найрагчдыг нөмөрсөн тэрхүү урвагч гэдэг нэр хочийг бүдгэрүүлэх гэж өршөөл үзүүлсэн болов уу гэж боддог. Атал яав, нөгөө хүн нь гарч ирмэгцээ галзуурчихсан, нэр төргүйдлийн траумадаа баригдаад, бусдыг мартсан, одоо бүр өршөөлөөр бус, харилцан зөвшилцлөөр суллагдсан шахуу юм яриад, олны толгойд олгой зүүгээд явж байна. Болор цомд орно л гэнэ, Зохиолчдын их хуралд саналаа өгнө л гэнэ...Дахиад л утга зохиолын ертөнцөд сүүдэр нь тусч эхлэв. Гадагшаа иргэншил хүснэ ч гэх шиг, гаднын тагнуулын албатай хамтарч ажилласан хүнийг хүлээж авах улс орон байх уу, Монгол Улс тодорхой нууцуудаа үүрүүлээд гаргах уу? Чухам хэдий урвагч байсан ч иргэн нь юм болохоор улс орон нь багтаахгүй гээд хаачих билээ. Энэ чинь яг юу болоод байгаа юм бэ? Эх орноосоо урвасан хэргээр гурван шатны шүүхээс ял авсан хүн хэдий бидний нялуурал нялцгайрлын үрээр өршөөлөөр чөлөөлөгдсөн байсан ч, үзэл санааны нөлөөллийн төвшинд ямар нэг үйл ажиллагаанд оролцох эрхтэй юм бол гэм хийгээгүй бусдынх нь эрх яах болж байна, хуулийн тодорхой зүйл заалт байна уу, энд? Дээр нь, одоо ч манай ТЕГ болон өөртөө ажиллуулж дөнгөсөн гаднын тагнуулын байгууллага нь энэ хүнийг ажиглаж, даган мөрдсөөр байгаа гэж би боддог. Энд би яагаад нэг ч нэр тавьсангүй вэ, хүсэхгүй байна, нэрийг нь бичихийг ч оюун санаа минь хүлээн зөвшөөрөхгүй байна даа! Харин шүлгүүд үү, тэр бол аль эрт Монголын ард түмний өмч лд, хувь хүн бичсэн ч амилуулж амьдруулсан хүмүүс нь уншигчид юм, авъяас гэдэг угаасаа л ард түмний өмч гэж Дашбалбар багшийн минь үг бий. Дахин хэлье, тусгаар улс орноо, тулгатай хууль цаазаа бүү доромжил, цоройгоод гарч ирж л байдаг, цагийн салхинд цоровдуулаад унаж л байдаг, түүхийн уртаас урт замд мартагдаж л байдаг нэг муу яруу найрагчийн нэр хүнд төдий зүйл улсынхаа дээр, төрийнхөө эхэнд байх учиргүй юм шүү, одоо аядаж, татаж үз эээ. Нэмж хэлэхэд, хоригдсон болгон нь өөрийгөө яруу найрагч Чойномтой харьцуулаад байж болохгүй ээ, Чойном гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаагүй, нам дагаж, хүн дагаж улс төрийн өндөр албан тушаалд татуулж ордонд тухлаагүй, албаны нууц задруулаагүй, бор ардынхаа дунд бугшиж яваад дууссан, бурхан харж байгаа шүү.
/Хөөрхий гөлөг гэмгүй лд, уучлаарай өөр зураг оруулмааргүй байна, угаасаа дургүй хүрээд байна/


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.54
    2026/01/20

    Hulang bol omoorno... tsagaachlah huselt gargasan hedegt itgehgui bna...10r bogd bol bogd bishee l gesen.... hulgaichuud tiim ikh meddiin bol ondor gegeen zanabazariig hytaduud havchin gaduurhaj ami nasand ni hurseniig bas medmeer l yum

    Хариулах