Илтгэлийн эхэнд Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий хороо 30 дугаар Их хурлаар тодорхойлсон дотоод хяналт, ёс зүй, сахилга, ил тод байдлыг хангах зорилгоор боловсруулсан “Дөрвөн тулгуурт бодлого”-оо тууштай хэрэгжүүлсээр энэхүү 31 дүгээр Их хурлыг угтаж буйгаа мэдэгдлээ.
Монгол Ардын намын Үндсэн дүрэм, намын гишүүдийн ёс зүйн болон соён гэгээрүүлэх ажил, сонгуулийн үеийн хяналт, намын санхүүгийн үйл ажиллагаа, бага хурлын гишүүдийн татвар хураалтын талаар танилцуулж, улмаар хоёр зүйлийг онцлон тодотголоо.
Нэгдүгээрт, улс төрийн ууган намын хувьд Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоонд эзлэх байр суурь, манлайлан ажиллах үүргээ ухамсарлаж, энэ хүрээнд намын гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудал нэн өндрөөр тавигдах нь зүйн хэрэг мөн гэдгийг тодотгов. Хоёрдугаарт, улс орны маргаашийн хувь заяаг үүрч явах ирээдүй хойч үеийнхэн, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд манай намын дотор ч, гадна ч өсөн бойжиж буй бөгөөд төр улсын ирээдүйн эздэд ёс суртахууны цэвэр ариун хөрс суурийг өнөөгийн бид бий болгож өгөх ёстойг онцлов.
Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар “Өнөөдөр Монгол ардын намын эв нэгдэл, үнэт зүйлс, Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болж байгаа асуудлууд, түүнээс гарах гарц, арга замын тухай тун нухацтай авч үзэж, оновчтой шийдлийг хэлэлцэн, түүнийгээ хэрэгжүүлэх явдал чухал байна. Учир нь эдгээр хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт цаасан дээр царцаж үлдэх эрсдэлтэй байна. Намын эв нэгдэл, үнэт зүйлс ус агаар, хөрс мэт шүтэн барилдлагатайг харууллаа. Энэ удаагийн Их хурлын хэлэлцэх асуудлын эрэмбэд намын эв нэгдэл, үнэт зүйлийг цаашид хэрхэн хамгаалах асуудал дээгүүр байр эзлэх ёстой. Намын эв нэгдлийг хангахад намын дотоод хяналтын байгууллагаас ихээхэн идэвх чармайлт шаардана.
Бий болоод байгаа зөрчил, хүндрэлтэй асуудал нь тогтолцооны хийгээд бусад шалтгаантай хэдий ч хувь хүний үйл ажиллагаатай шууд холбогдож байна. Иймээс намын бүх шатны удирдах бүрэлдэхүүнд сонгогдож томилогдож байгаа, намаас сонгуульд нэр дэвшиж байгаа, намын нэрийн өмнөөс төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдох гишүүдийн шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй. Энэ нь бидний хүсэл гэхээс илүүтэй цаг үеийн шаардлага гэж хүлээж авах ёстой. Ил тод, тодорхой, шударга зарчим дээр тулгуурласан энэхүү өндөрсгөсөн шалгуурыг нэн даруй намын дүрэмд тусгах нь зөв байна.
Шинээр байгуулагдах Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо нь энэ удаагийн их хурлаас дэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, намын үнэт зүйл, нэр төрийг хамгаалах, эв нэгдлийг хангахад бүхий л анхаарлаа хандуулж, намын үндсэн дүрмээр хүлээсэн үүргээ нам, түүний гишүүдийн язгуур эрх ашгийн төлөө шударгаар биелүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монгол Ардын намын үндсэн дүрмийн хийгээд ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, цаашлаад намын гишүүд, ялангуяа намаас нэр дэвшиж төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож томилогдсон гишүүд авлигаас ангид, албан тушаалын гэм хэрэг үйлдэхгүй байх ёс суртахууны хэм хэмжээ, эрүүл орчныг бүрдүүлэх нь Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо, намын бүх шатны хяналтын байгууллагын нэн тэргүүний зорилт, хариуцах ажлын салшгүй хэсэг байх ёстойг Та бүхэндээ энэхүү индрээс дахин сануулья” хэмээн төлөөлөгч нарт анхааруулж байсан юм. Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо тайлангийн хугацаанд 26 удаа хуралдаж, нийт 139 тогтоол гаргахын зэрэгцээ шаардлагатай дүрэм, журам, зөвлөмжүүдийг шинэчлэн боловсруулж батлан мөрдүүлжээ. Мөн намын гишүүд, дэмжигч нараас ирүүлсэн нийт 90 өргөдөл гомдлыг судлан үзэж, хариу өгөх, дүгнэлт гаргах зэргээр шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Сэтгэгдэл бичигдээгүй байна