Хөгжлийн банкны шүүх хурал шоу болох вий

Moderator
2023/04/17

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Монголд анх удаа 80 яллагдагч, дөрвөн хуулийн этгээдийг хамарсан олон холбогдогчтой шүүх хурал гэсэн үг.

Өмнө нь урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагчдын өмгөөлөгчид шүүх хурал дээр хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх учир хаалттай явуулж өгөх хүсэлтийг гаргаж байв. Шүүх ч түүнийг нь дэмжсэн.
Гэвч энэ нь ял завшиж магадлалтай гэдгийг УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлсэн. Тэр “Хаалттай хуралдсан тохиолдолд ял завших, наймаалцах боломж өгөх вий. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс холбогдсон гэмт хэрэг. Шүүх хурлыг нээлттэй хийх ёстой. Энэ бол төрийн нууцтай холбоотой асуудал огт биш.” гэсэн нь ч үнэний ортой.

Угаас УИХ-ын хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны нээлттэй сонсголоороо маш олон нотлох баримтыг дэлгэсэн. Хэн, хэрхэн, яаж, ямар хамаарлаар зээл авсан бэ гэдгийг иргэд мэддэг болсон.
Тэр ч утгаараа өнөөдрийн Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлын дараа Монгол Улсад шүүх хэрхэн, яаж ажилладаг нь тодорхой болох биз.


Энэ хэрэгт халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нараас гадна цагтаа төрийн өндөр албан тушаал хашиж явсан УИХ-ын гишүүн асан, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Даажамба, М.Баярмагнай, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар, ЗТХЯ-ны Газрын дарга асан Б.Махбал, ХХААЯ-ны Газрын дарга асан М.Баянмөнх, УУХҮЯ-ны Газрын дарга асан Ч.Отгочулуу нар яллагдагчаар татагдаад байгаа.
Мөн одоогийн БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар ч бий.
Тэр ч утгаараа шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг уу, албан тушаалтнуудын хурууны зангаараа хөдөлдөг үү гэдэг нь харагдах биз ээ.

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.18
    2023/04/17

    дандаа бузрын хулгайч нар, төр гэж хулгайч луйварчдын үүр уурхай

    Хариулах
  • 202.55.188.88
    2023/04/17

    Эд нарыг шийтгэж чадахуу хоолны мөнгөөр л торгоно биз

    Хариулах