Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Moderator
46 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Сэлэнгэ цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч Ардын хувьсгалын өлгий нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Сэлэнгэ аймгийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр өндөр байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, 140 сая гаруй мод тарьж, ургуулаад байгааг дурдлаа.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

Сэлэнгэ аймаг 33.6 сая мод тарьж, ургуулан, нэг га-аас 18.9 цн ургац хураан авч, атрын 67 жилийн хугацаанд түүхэн амжилт үзүүлэх төлөвтэй байна.

Ерөнхийлөгч мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Сэлэнгэ буудай” компанийн захирал Мягмарын Шинэчулуунд Гавьяат механикжуулагч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх багш Пунцагийн Амарсанаад Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Ерөнхийлөгч мөн өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой уулзаж, туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглосон автомашин, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна