​ Сайдаа, 30 хувиа авъя...

Moderator
2023/04/10


Багш нар, шинжлэх ухааны ажилчид жагсав. Тэд хийх юмгүй дээ тийнхүү жагссангүй. Аргаа барахдаа л тэгсэн хэрэг. Олон түмэн ч бас тэднийг дэмжсэн. Яагаад гэвэл Монголын багш нарын цалин дэндүү бага, дэлхийн жишгээс бүр бага. Тухайлбал хамгийн сайн цалинтай 10 орны багш нарын эхлэх цалингаас 8-10 дахин бага гэдгийг судалгааны байгууллагууд гаргасан байдаг.
Гэтэл салбарынх нь сайд “Бусад салбарынхан, тэр тусмаа эмнэлэг, урлагийнхнаас бүр хавьгүй илүү байхад ингэж болохгүй ш дээ. Үйлдвэрчний эвлэлтэй 3 талт гэрээ байгуулсан. Манайх багш нарын цалинг 30 хувиар нэмсэн. Багшийн анхны цалин 1сая 5000-аас эхэлж байгаа...” гээд зогсож байгаа нь харамсмаар.
Л.Энх-Амгалан сайд “30 хувь” гэдэг дээрээ л яриад байгаа болохоос өнөөдөр ард иргэдийн амьдрал өдөр ирэх тусам уруудаж байгааг үнэндээ ч мэдэрсэнгүй.
Тэгвэл 30 жил ажилласан багш өнөөдөр “Өнгөрсөн жил илүү цагийнхаа мөнгөтэй нийлээд 900 мянган төгрөг л авдаг байлаа. Энэ жил удаан жилийн нэмэгдэл 25 хувиар нэмэгдэж, илүү цагтайгаа нийлээд 1 сая 200 мянган төгрөг л авч байна...” гэсэн юм. Тэрбээр “Багш нарын цалин 30 хувиар нэмэгдсэн гэж Л.Энх-Амгалан сайд хэлээд байгаа...” гэхэд “За үгүй дээ, цалин нэмэгдсэн бол багш нар жагсаад явж байх уу...” гэсэн юм.
Нөхцөл байдал ийм байхад дөнгөж эхлээд ажиллаж байгаа багш нар 1 сая 5 мянган төгрөгийн цалин авч байгаа” гэж горьдоож, бас гүжирдэхийн хэрэг юун. Эсвэл удаан жилийн нэмэгдлийг “Багш нарын цалинг 30 хувиар нэмсэн” гэх худал мэдээллийг сайддаа итгүүлчихсэн хэрэг үү.
Гэхдээ “Хүн үхвэл дагаад үхэх үү” гэдэг шиг эмнэлэг, урлагийн салбарынхан бол өөр. Тэд цалингаасаа өөр орлоготой. Ядаж л ажлын бус цагаараа ганц дусал, тариа хийж өгөх, хүүхэд үзэх зэргээр хэд гурван төгрөгийн ажил хийчихнэ. Урлагийнхан гэхэд энд тэнд гол болон туслах дүрд тоглоод халтуур хийчихнэ. Тийм байтал салбарынхныгаа тэдэнтэй адилтган ярьж буй сайдыг үнэндээ МЭДРЭМЖГҮЙ гэхээс өөр юу гэлтэй.
Уг нь Л.Энх-Амгалан сайд чамгүй гүйлгээ ухаантай, амьдралын аар саарыг, мөнгөний үнэ цэнийг ч дэндүү мэдэх нэгэн. Гэтэл багш нарын цалингийн тухай тийнхүү ярьсан нь олны бухимдлыг төрүүлсэн. Байдал бишдсэнийг тэр мэдэрсэн учраас шуугианыг шуугианаар дарах тактик хэрэглэж “Боловсролын зээлийн сан”-гийн тухай мэдээллийг дахин цацаж жүжив. Түүний хийсэн мэдэгдэлд үнэндээ ч шинэ ют юу ч байгаагүй нь олны бухимдлыг илт дэвэргэж орхисон.

Тиймээс багш нар “30 хувиа авъя” гэж байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2023/04/10

    Ene Zasgiin gazart hamgiin sain ajillaj bui Said ni Enkhamgal said shuu !!! Zaashdaach sain baina gedegt itgej b na Uragshaa

    Хариулах