Лего цамхаг сүндэрлэж байна


Израилийн нийслэл Тель-Авив хотод Гиннесийн амжилтын номд багтах учиртай лего цамхгийг сүндэрлүүлэх ажил хийгдэж байгаа аж. Эвлүүлдэг тоглоомоор барьж буй цамхгийн өндөр 36 метр байх агаад хагас сая гаруй дөрвөлжин шоо ашиглагдах юм. Энэ цамхгийг лего тоглоомоор тоглох тун ч дуртай байсан боловч тархины хорт хавдраар нас барсан найман настай Омер хүүгийн дурсгалд зориулж босгож байна. Албан ёсны нээлт нь өчигдөр шөнө болжээ. Лего тоглоомын шоогоор баригдсан анхны цамхаг 1980 онд Их Британид сүндэрлэсэн билээ. Түүний өндөр 14,1 метр байв. 1988 оноос хойш энэ дээд амжилтыг бараг жил бүр шинэчилж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд германчууд Лего лэнд гэдэг нэртэй зугаа цэнгээний хүрээлэнд 35,47 метр өндөр цамхгийг босгосон аж.