Флойд Мэйвезер UFC-д тулалдаж магадгүй


Энэ оны наймдугаар сард дэлхий дахинд энэ цаг үеийн хамгийн нэрт боксчин Флойд Мэйвезер, UFC-гийн хаан Конор МакГрэгор нарын түүхэн тулааныг үзэж, жинхэнэ таашаалыг амссан билээ. Мэйвезер техникийн илт давуу байдлаар 10 дугаар үед хожил байгуулсан даруйдаа зодгоо тайлсан юм. Тэрбээр 50 ялалт, ганц ч хожигдолгүй гэсэн гайхалтай статистикийг үзүүлж чадсан.

Энэ тулааны чимээ шуугиан намжив уу гэтэл Флойд спортод эргэн ирэх нь, энэ удаа MMA-д тулалдана гэх яриа гарч эхлэв. 
Мэйвезер өөрөө бүгдийг эхлүүлсэн. Тэрбээр энэ сарын 13-нд Инстаграмын шууд эфирээр “Би UFC-гийн торон дотор зодолдож чадна. 3-4 тулаан хийгээд тэрбум доллартай болж чадна шүү. Намайг Флойд “Мөнгө” Мэйвезер гэдгийг битгий мартаарай. Та нар, новшнууд аа, надад хайртай. Харин би та нарт хайртай” хэмээн томорчээ. 

Төдөлгүй Мэйвезер өөрийг нь хүмүүс буруу ойлгосон байна хэмээн гүрийв. Тэрбээр тэрбум доллар олж чадна гэж хэлсэн болохоос яг тулалдана гэж хэлээгүй хэмээн булзжээ.