МАН-ын бvлэг дээр яригдсан ГУРВАН ИХ НАЯД төгрөгийн НАЙМАН КОНЦЕСС


-БҮЛГИЙН ГИШҮҮДЭД ТАРААГДСАН МАТЕРИАЛ: ДОЛОО БИШ НАЙМАН КОНЦЕСС-


УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр алдарт концессын асуудлаараа удтал хуралдав. Дараа нь маш даруухнаар концессуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж, хэдийнээс хэрэгжүүлж эхлэх талаархи нэгдсэн төлөвлөгөөг засгийн газар дээрээ хийхээр болсон гэх хууриа мэдэгдэл хийв.

 

Гэвч эрх баригч намын бүлэг дээр тараагдсан ажлын хэсгийн дүгнэлт жинхэнэ утгаараа маргаан дэгдээж, МАН-ыг нүүр хийх газаргүй болтол хуйхлах хэмжээний асуудалд тооцогдсон байна. Бүлгийн хуралдааны үеэр гишүүдэд тараагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд ямар баримтууд дурдагдсан талаархи нэгдсэн мэдээллийг онцлон хүргэж байна.

 

Юуны өмнө, алдарт долоон концесс найм байсныг дуулгая. Эндээс бүлгээс сэтгүүлчдэд хийсэн мэдээлэл, бүлгийн хуралдааны үеэр гишүүдэд тараасан материал хоёрын хооронд маш том зөрүү байгааг харж болно. Тухайлахад, эдгээр найман концессоос зөвхөн  хоёр нь уралдаант шалгаруулалт оролцсон бол бусад нь шууд байдлаар гэрээлжээ. Түүнчлэн засгийн газарт хамгийн ашиггүй хувилбар буюу барьж өгөөд шууд шилжүүлэх нөхцлөөр ерөнхий нөхцөл нь тохирогдож.

 

Өмнө нь, мэдээлж байсанчлан энд Н.Номтойбаяр сайдын МАК, С.Бямбацогт сайдын Алтай трест компаниуд төслийн гүйцэтгэгчээр багтсан байна. Улмаар ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нартай холбогдох автозамын концессууд багтсан нь анхаарал татна. Лавшруулбал, улаан хэрүүлч Ц.Нямдорж гишүүн тойргийн 300 ор бүхий  төрөх эмнэлгийг засгийн газарт концессоор оруул гээд шахчихсан байх ч талтай. МАН-ын шинэ гишүүд дунд намдаа өндөр нөлөөтэй байгаа Б.Дэлгэрсайхан гишүүний сонгогдсон Дорноговь аймагт хоёр ч концессын төсөл хэрэгжих нь. Дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу?

 

 

-ТӨСЛИЙН ӨӨРИЙН ӨРТГИЙГ 1.5-2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ХЭЛБЭРТ ОРУУЛЖЭЭ-


Санасныг бодоход,Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг асуудалд нэлээд нухацтай ханджээ. Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар, шинэ засгийн газар байгуулагдангуутаа 2016.08.17-ны засгийн газрын 37 дугаар тогтоол-оор 2018 оны төсвийн жил хүртэл барих –шилжүүлэх трөлийн концессын гэрээ хийхгүй байх зохицуулалт хийжээ. Гэвч 2017.01.18-ны өдөр уг тогтоолдоо нэмэлт оруулж, дахин энэ төрлийн концессын гэрээ байгуулах боломжийг засгийн газар өөртөө олгосон байна. Ерөнхийдөө гол асуудал эндээс боссон гэсэн үг.

 

Үүнийхээ дараа засгийн газар БАРИХ-ШИЛЖҮҮЛЭХ долоон концесс шинээр байгуулсан байна. Дээр хүснэгтэд дурдагдсанчлан, эдгээр долоон концессын нийлбэр нь 807.8 тэрбум байна.  Улмаар барих-өмчлүүлэх-ашиглах төрлийн концесс 2.2 их наяд төгрөгийн мөнгөн дүнтэй юм. Ингэснээр шинээр байгуулсан найман концессын нийлбэр дүн даруй ГУРВАН ИХ НАЯД хүрч байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 50 хувьтай тэмцэх хэмжээний том мөнгөн дүнтэй гэрээнүүдийг засгийн газар чимээгүйхэн зурсан гэсэн үг.


Ингэхдээ гэрээ байгуулсан компаниудын эргэн төлөтийг 2020 оноос хойш хийхээр тусгаж өгч. Энэ нь “Ойрын хугацаанд төлөлт хийгдэхгүй тул санаа зоволтгүй” гэх үгээр аргалах мэргэн санаа. Гэвч хугацааг сунгаснаар банкны зээлийн хүүгийн зардлыг нэмэгдүүлж, ТӨСЛИЙН ӨӨРИЙН ӨРТГИЙГ 1.5-2 дахин  нэмэгдүүлж буйг дүгнэлтэд онцолжээ.

 

-МАК-ИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛИЙГ ЗАСАХДАА БУСАД 
САЙД НАРТАА БОЛОМЖ ОЛГОЖЭЭ-


Уншигчид анзаарсан бол, огноон дээр МАК хэрхэн хууль зөрчсөнийг харж болно. Сийрүүлвээс, Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам,ы дэд станц төсөл /ЦДАШ дэд станц/-ийн гэрээг засгийн 2017.01.12-нд байгуулжээ. Энэ нь засгийн газрын 37 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахаас /өөрчлөлт 2017.01.18 орсон, ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар/ өмнө гэрээг зурагдсаныг харуулна.

 

Тэгэхээр засгийн газар эхлээд МАК-ийн хууль зөрчилтийг арилгах зорилгоор өмнөх тогтоолдоо нэмэлт оруулж, дараа нь бусад сайд нар болон сэргэлэн гишүүдэд концесс хувааж найрлах боломж олгожээ. Ажилласан зарчим нь ийм бүтэцтэй харагдаж байна.

 

Эцэст нь, бүлгийн хурал дээр баахан попорсон ч яг концессын асуудал шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудалд “Би” гэж гар өргөөгүй эрх баригч намын гишүүдэд эмгэнэл илэрхийлье. Харин “Хуучны хуучин, хуучин бууны хугархай” гэдгээ жинхэнэ утгаар нь харуулсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүнд талархал илэрхийлж байна. Намын бүлэг дээр ярилцаж буй гэдэг утгаараа ажлын хэсгийнхэн нууж хаах сэдэв багатай, дүгнэлтээ чамбай боловсруулсныг онцлууштай. Харамсалтай бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдээлэл жинхэнэ “хошин шог” байв.

 

ОУВС-гаас шинэ төрлийн концессын гэрээ хийхгүй байх чиглэлийг засгийн газарт өгсөн. Гэтэл эрх баригч нам тус сангийн нэрийг барьж, нийгмийг чирч яваа дунд давхаргынхны амьдралд шууд нөлөөлөх долоон төрлийн төрлийн татварыг зоригтойгоо нэмж, хүүхдийн мөнгөндөө хүртэл өөрчлөлт оруулсан билээ. Тэгсэн мөртлөө эрх ашгийн зөрчил бүхий гурван их наядын төсөвт өртөгтэй найман концессын гэрээ чимээгүйхэн байгуулсан нь энэ юм.

 

Ж.МЯДАГБАДАМ

 

Эх сурвалж: Medee.MN