Сэтгэгдэл 2 85798 14076 85-92 мянган төгрөгөөр тоолуур авч шөнийн тарифаа тэглүүлнэ


Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 1-нээс гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21-06 цагт тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан юм. 

Харин хэрэглэгчийн зүгээс шөнийн тарифаа тэглүүлэхийн тулд өдөр шөнийн тариф тооцсон тусгай электрон тоолуур гэртээ тавиулах ёстой юм байна. Бид энэ талаар Стандарт хэмжилзүйн газрын Тоолуурын лабарторийн хүлээн авагч Г.Галбадрахаас тодрууллаа.

Өдөр шөнийн тарифтай тоолуур тавьсан өрхүүдийн шөнийн хэрэглээний төлбөрийг тэглэнэ гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ тоолуурыг хаанаас авч болох вэ?

Улсын тусгай зөвшөөрлийн дагуу уг тоолуурыг худалдан борлуулахыг зөвшөөрдөг. Гэхдээ манайд бол захын ямарч хүн худалдаж аваад дамлан борлуулдаг. Барилгын материалын дэлгүүр, 100 айл гээд л борлуулж байгаа ямар ч газраас авч болно. Хамгийн гол нь манайхаас баталгаажуулж өгдөг. Энэ төрлийн тоолуур манай улсад орж ирээд 10 гаруй жил болж байгаа. Нэг хэсэг улсаас төсвийн журмаар үнэгүй тавьж өгч байсан. Ер нь бол энэ төрлийн тоолуур халаалт хэрэглэдэг, эсвэл шалны халааттай ч юмуу айлд их ашигтай. 

Өдөр шөнийн тарифтай тоолуур гэхээрээ юугаараа ялгаатай юм бэ?

Энэ бол бүрэн электрон тоолуур. Тухайн өдөр шөнө гэсэн заалтыг ялгаж гаргах зориулалттай программчлагдсан гэсэн үг. Шөнийн буюу 21:00-06:00 цаг хүртэлх хэрэглэсэн цахилгааныг үнэгүй болгох зориулалттай. Тусгай программ нь цагаа шилжүүлдэг гээд л ойлгочихож болно. Байцаагч тоолуур бичихдээ өдөр шөнөөр нь ялгаад л биччихнэ. Нэг давуу тал нь 8 жилийн баталгаатай.

Тоолуураа яаж суурилуулах вэ?

Тоолуураа худалдан аваад дуудлага өгч, суурилуулах үйлчилгээ авна. Хамгийн гол нь ямар халаалт хэрэглэх мөн утасныхаа хүчин чадлыг сайн судлуулах хэрэгтэй. Техник нөхцөл нь дийлэхгүй бол гал гарах аюултай.

Хэдэн төрлийн тоолуур байдаг болон ханшын талаар мэдээлэл өгөөч.

Манайд бол Чех болон Хятадад үйлдвэрлэсэн тоолуурууд байгаа. Хятад тоолуур 85 мянга. Харин Чех тоолуур европ стандарттай учир 92 мянган төгрөгөөр тус тус борлуулагдаж байгаа. Өмнө нь төслийн журмаар үнэгүй тавьсан тоолуур нь 75 мянгатай байгаа. 

УБЦТС ТӨХК-ний Борлуулалт бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас тодрууллаа. 

Өнөөдрийн байдлаар шөнийн тарифаа хөнгөлүүлж байгаа хэдэн өрх байна вэ?

УБЦТС ТӨХК-тай гэр хорооллын 146 мянга гаруй хэрэглэгч цахилгаан эрчим хүч хэрэглэх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Үүний 120 гаруй мянган хэрэглэгч хоёр тарифтай тоолууртай өдөр шөнийн хэрэглээг тооцдог тоолуураар тооцоо хийдэг. 11-р сарын дүнгээр 109 мянган хэрэглэгчийн шөнийн тарифын 50 хувийг хөнгөлсөн. Ер нь Засгийн гадрын тогтоол гаргасантай холбоотойгоор гэр хорооллын тарифт тоолууртай хэрэглэгчдэд үйлчилнэ. Манай компанийн хувьд 146 мянган хэрэглэгчээс 120 гаруй мянган тарифтай тоолууртай үлдсэн 26 мянга орчим нь тарифгүй тоолууртай байгаа.

Айлууд хашаандаа хоёр гурван өрхтэй байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах юм бэ?

Статистикийн газраас 180 мянган өрх гэсэн тооцоолол байдаг. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ тухайн өмчийн эзэнтэй хийдэг. Тэр утгаараа  манай бүртгэлд 146 мянган өрх багтсан. Харин тэр хашаанд байгаа бусад өрхүүд ч мөн тарифтай тоолуур тавиулаад хөнгөлөлт эдлэх боломжтой. 

Иргэдэд анхааруулж хэлэх зүйл байна уу?

Хэрэглэгчид хамгийн гол нь аюулгүй байдлаа анхаарах хэрэгтэй. Хэрэглээндээ тохирсон цалхилгааны утасны даацыг сонгох нь чухал. Өнөөдрийн байдлаар шугам сүлжээ маань зөвхөн ахуйн хэрэглээнд  тохирсон цахилгааныг татсан байгаа. Тийм учраас хэрэглэгчид өөрсдийнхөө утасны даацыг харгалзаж цахилгаан хэрэгслүүдээ залгах боломжтой.

Гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлүүд хамаарах уу?

Өнөөдрийн байдлаар засгийн газраас зөвхөн ахуйн хэрэгцээнд шөнийн тарифыг тэглэнэ гэсэн.

Цахилгааны төлбөрийн өргүй байх шаардлагатай гэсэн үү?

Журмандаа үлдэгдэл төлбөргүй байх ёстой гэж заасан. 

Шөнийн тарифыг тэглэхээр ачаалал ихсэх үү?

Хэрэглэгчид цахилгаан халаалтаа шийдвэрлэхдээ эх үүсвэрээ судлуулах хэрэгтэй. Техникийн нөхцлөөсөө л шалтгаална. Даац ачааллын хувьд бол яг ямар цэгт холбогдохоос шалтгаална. Урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй. Хэт ачаалал ихэдсэн газар одоогоор алга. 

Хэрэглэгчид гэрээгээ өөрчлөх шаардлагатай юу?

Гэрээгээ өөрчлөх шаардлага байхгүй. Угаасаа хоёр тоолууртай хэрэглэгчдэд хамааралтай болохоор ердийн тоолууртай хэрэглэгчид тоолуураа сольж байж л хөнгөлөлт эдэлнэ.

Тоолуураа хаанаас авах вэ?

Стандартчилал хэмжилзүйн төвөөс баталсан загварын туршилтанд орсон хоёр тарифтай тоолууруудыг хэрэглэж болно. Манай тоолуурын лабартори дээр ч зарагдаж байгаа. Мөн бусад зөвшөөрөлтэй ямарч газраас тоолуураа авч болно. 

 

TIME.MN