УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хамгийн эхэнд “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, үг хэлсэн юм.
Н.Цэрэнбат: Хөгжлийн банктай холбоотой үүсээд байгаа зээлийн асуудлаар зарим гишүүн буруу мэдээлэл өгөөд байна. Хаалттай хэлэлцье гэж АН-ын өөрсдөө хэлчихээд, чуулган дээр зарласан. Нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Хөгжлийн банкнаас зээл авсан 16 том төсөл хөтөлбөр бий. Төрийн болон хувийн хэвшлийн зээлүүдийг шууд хаах юм уу, үгүй юм уу.
Б.Чойжилсүрэн: Улсын төсөв, Хөгжлийн банк хоёрын хоорондын харьцааг нэгтгэн шийдвэрлэх гэж байгаа юм. Хувийн хэвшил болон төрийн өмчит компанийн зээлүүдийг эцэслэн хаахгүй. Харин төсөл хөтөлбөр болгон дээр нарийвчлан үзэж, заримыг нь үргэлжлүүлж, санхүүжүүлэхээр ажиллаж байгаа.
Ц.Гарамжав: З.Нарантуяа гишүүн бол их овлигогүй загнасан. 53.8 хувь нь улсын төсвөөс төлөгдөхөөр байгаа юм. Энэ бол төрийн авсан зээл. УИХ-ын гишүүн байж Хөгжлийн банкны өгсөн судалгааны материалыг сайн судлахгүй ярьсанд харамсалтай байна. "Монцемент" төсөл бол хамгийн сайн зээл гэж хэлмээр байна. 22 гаруй тэрбум төгрөгийн зээлийг нэг ч хоног хэтрүүлэлгүй төлж ирсэн. Одоо гурав дахь үйлдвэрээ бариад явж байгаа. Ер нь эдийн засгийг хэн барьж байгаа юм бэ. Хувийн хэвшлийнхэн шүү дээ. Хувийн хэвшлийнхэнээ хаалгаа барихаас нь сэргийлж эрсдэлийн сан байгуулах ёстой. Ажлын хэсэг яагаад буруу мэдээлэл өгсөн юм бэ.
С.Эрдэнэ: Ажлын хэсгийн дүгнэлт дээр үндэслэн ярьсан хүн рүү олонхиороо дайраад байдгаа болих хэрэгтэй. Ц.Гарамжав гишүүн ээ, тэр "Монполимет" компанийхаа захиралд хэлээрэй. З.Нарантуяа гишүүн руу утсаар ярьж дарамталдгаа боль гэж. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ өөрөө хариуцлага хүлээх ёстой. Тэрнээс аль нэг хөндлөнгийн компанийн захирал утсаар ярьж бүрэн эрхэд нь халдах ёсгүй шүү.
О.Баасанхүү: Энэ том компани, энэ гоё компани гээд төр өрийг нь төлөх ёстой ч гэх шиг. Энэ тогтоолын төсөлд эцэслэн шийдвэрлэх тухай заасан байгаа. "Монполимет" компани авсан зээлээ битгий төлөөрэй гэж сонгогчид чинь хэлээгүй байх. Тогтоолын төсөлд өртэй компани өрөө заавал төлөх ёстой гэсэн заалтыг оруулах ёстой гэж хэлж байна. Эрсдэлээ тухайн компани өөрсдөө л төлөх ёстой. Хүний олон хүнээ барьж иддэггүй гэдэг шиг над руу битгий дайр. 65-аа би ч гэсэн та нар шиг УИХ-ын гишүүн. 65-аа та нар өрөө л төлчих. Өрөө төлчихвөл Хөгжлийн банкныхан чинь аврагдах гээд байна.
Ц.Даваасүрэн: Манай намын компани, танай намын компани гэж хэрүүл хийхээ больцгооё. Ард түмэн чинь юу гэж ойлгох юм. Ер нь УИХ-ын танхим компанийн хэрүүл хийдэг газар биш шүү.
NUUTS.mn