Төрийн тусгай хамгаалалтын орлогч дарга албаны машинаар цагдаа нарыг дайрах гэж хөөжээ


-ЦАГДААГИЙН ГАР УТСЫГ ЭВДЭЛЖ, ДҮРЭМТ ХУВЦСЫГ НЬ 
УРЖ ТАНХАЙРЧЭЭ-


Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид танхайрч, агсам согтуу тавиад байна” гэх дуудлага Нийслэлийн шуурхай удирдлагын төвд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид очиж шалгасан байна. Гэтэл “Фейс” бааранд согтуу хоёр этгээд агсам тавьж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, хүмүүсийг элдвээр хэлж, доромжилж байжээ.

 

Цагдаа нар агсам тавьж байгаа хоёр хүнд шаардлага тавихад, дуудлагаар ирсэн цагдаа нарыг мөн л доромжлон зодож, биед нь гэмтэл учруулсан аж. Мөн гар утсыг нь эвдлэн хэл амаар доромжилж, дүрэмт хувцасыг нь урж танхайрчээ. Түүнчлэн албаны машинаар шаардлага тавьсан цагдаа нарыг дайрахыг оролдсон аж.  Энэхүү хэргийг үйлдсэн төрийн албаны хоёр албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

-ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА П.БАТАА, 
АХЛАХ АЖИЛТАН Т.БАТБИЛЭГ НАРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-


Энэ талаар албаны  эх сурвалжаас тодруулахад, энэ сарын 18-ны 01:42 цагт цагдаагийн байгууллагад “Бааранд согтуу хүн агсам тавиад байна” гэсэн  мэдээлэл иржээ. Цагдаа нар очиж шалгахад Баянгол дүүргийн 19-р хороонд суух Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрсан байна.

 

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг шалгаж байна. Мөрдөн байцаалт, гэрчүүдийн мэдүүлгээр Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газрын ахлах ажилтан Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үед олон нийтийн газарт танхайрсан. Мөн цагдаагийн ажилтны хууль ёсны тавьсан шаардлага биелүүлээгүй. Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг  мөргөхийг завдан хөөсөн байсан. П.Батаад цагдаа П.Эрдэнэцогтыг түлхэж унагаан, цээжинд нь хоёр удаа, хэвлийн зүүн хэсэгт нэг удаа цохиж, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдэн эрх чөлөөнд нь халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэгүүсгэн  шалгаж байна. Тухайн дуудлагаар очсон цагдаа нар танхайрсан хоёр хүнийг гавлаэ авч явжээ.

 

Энэ хэргийн талаар тухайн үед бааранд үйлчлүүлж байсан иргэнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-“ТА НАР НАМАЙГ ХЭН ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙНА УУ” 
ГЭЖ ХАШГИРЧ БАЙСАН-


-Цагдаа нарыг зодож танхайрсан хэрэг гарсан байна. Тухайн үед юу болсон юм бэ?


-Тэр өдөр 50 орчим настай нэг хүн энэ сарын 18-нд бааранд агсам тавьж, ойр хавийн хүмүүсийг элдвээр хэлж доромжилж эхэлсэн. Баарны ажилчид, хамгаалалтын албаныхан тэр хүнийг болиулах гэж оролдсон боловч чадаагүй. Мөн 40 орчим настай хамт явсан залуу ч гэсэн агсам тавьж эхэлсэн. Баарны хамгаалагч нарт “Та нар миний биед хүрэх юм бол шууд дуусна шүү. Хэн гэдгийг мэдэж байна уу” гээд ажлынхаа үнэмлэх бололтой бичиг баримт харуулаад байсан. Баарны хамгаалагч нар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ч дуудлага өгөөд удаагүй байхад хүрээд ирсэн юм. Тэгээд л цагдаа нарыг газар унагаж өшиглөж, зодож эхэлсэн.

 

-Ямар шалтгаанаар зодсон юм бэ?


-“Та нар намайг хорих юм уу. Муусайн хувцасны голуудаа. Чи хэн юм бэ, надад шаардлага тавьдаг” гэх мэтээр агсам тавьж байгаад гарсан. Бид ч тэдний араас дагаад гарсан юм. Нэг цагдааг түлхэж унагаан, цээж рүү нь цохиод байсан. Ахлах ахлагч цолтой цагдаагийн хувцасыг урж, тасдаад гар утсыг нь газар авч шидээд л бөөн юм болсон. Бүр унаж явсан машинаа  асаагаад цагдаа нарыг дайрч ална гээд хөөж, мөргөчих шахсан. Гэхдээ цагдаа нар агсан тавиад байгаа хоёр нөхрийг гавлаад л аваад явсан.

 

-Танхайрсан гэх хүмүүс ямар хүн байсан юм бэ?


-Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс юм шиг байна лээ. Төрийн тусгай албаны томоохон албан тушаалтан гэж баарны хамгаалагч нар хоорондоо ярьж байхыг сонссон. Жирийн иргэд бид цагдаа нарын өөдөөс агсам согтуу тавих нь битгий хэл тавьсан шаардлага болгоныг нь биелүүлдэг шүү дээ гэлээ.

 

Medee.MN