Үнэмлэхүй ялалт байгуулж “65”-ын бүлэг байгуулсан МАН-ын гишүүд хуралдаа суухаа болиод удаж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхлэх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас үдээс хойш хуралдсан. Тухайн өдөр 19 гишүүн гадаадад томилолттой байсан бол А.Сүхбат, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Жавхлан, Б.Наранхүү, Н.Оюундарь нарын 13 гишүүн шалтгаангүйгээр хурлаа тасалсан байна. Эх орон, ард түмэн хэмээн “цээжээ дэлддэг” С.Жавхлан хүртэл ажлаа тасалж, хүчтэй сөрөг хүчин байх ёстой АН-ын гишүүд ч хуралдаа суусангүй.
Түүнчлэн байнгын хороодын хурал хоёр долоо хоног ирц бүрдээгүйн улмаас хойшилж буй юм. Тухайлбал, 14 хоногийн өмнө Хуульзүйн байнгын хорооны хурлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч гишүүд ирээгүй шалтгаанаар хойшлуулж өчигдөр хэлэлцсэн. Тухайн үед эмэгтэй гишүүд хуралдаа ирээгүй нь бүр ч асуудал болж байв. Учир нь энэ хуулийг хурдан баталж хэрэгжихийг хүлээж буй олон хүн бий.
Гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа учраас энэ хуулинд эмэгтэй гишүүдийг анхаарлаа хандуулахыг хүсэж байгаа. Мөн өчигдөр Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсох байсан ч мөн л ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшлуулав.
Хуралдаа ирдэггүй, чуулгандаа суудаггүй МАН-ын гишүүд даваа гаригт болсон намын Бага хуралдаа бүгд очжээ.Тэр ч бүү хэл гадаадад томилолттой яваа гишүүд нь ч хугацаанаасаа өмнө Бага хуралдаа оролцохоор ирсэн байна. Өчигдөр /мягмар гариг/ хуралдах ёстой байсан байнгын хороодын хурлын ирц мөн л бүрдсэнгүй.
Өнгөрсөн парламентын үед олон намын төлөөлөл байсан учраас ирц бүрдүүлэх том асуудал байсан. Одоогийн МАН-ынхан шиг хэт олонхи байгаагүй учраас аль нэг намын ашиг сонирхолд нийцэхгүй хуулийн төслийг гацааж, хуралдаа суухгүй байх тохиолдол олон байв.
МАН-д ирц бүрдүүлэх зовлон биш. Хэт олонхи болсон МАН-ынхныг дуртай үедээ хуралдаад, дургүй үедээ ажлаа таслаад бай гэж ард түмэн итгэл хүлээлгээгүй. Тэднийг ажиллаж, ард түмэнд хэрэгтэй хууль гаргаасай гэсэндээ сонгосон. Гэтэл тэд ард түмэнд ийм хариу барьж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуралдаа ирдэггүй гишүүдийн цалинг хасах хуулийн төсөл санаачилж болдоггүй юм уу. Сонгогчдынхоо эрхийг хүндлэхгүйгээр яаж хүний эрхийг хүндлэх юм бэ. Иргэдээ хүндлэхгүйгээр ийм Их хурал яваад байдаг. Их хурлын дарга гишүүдээ хуралдаа суулгаач ээ” хэмээн шүүмжилж байсан. Үнэхээр улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсний зэрэгцээ хийж, шийдэрлэх ажил олон байхад хуралдаа ирэхгүй байгаа эрхэм түшээдэд хэн хариуцлага тооцох вэ...
Medee.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ