Г.Угалзцэцэг: 2017 оны Монгол дахь ДАШТ-ий дараа дахин хүүхэд гаргана


Тайланд улсад болж өнгөрсөн 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд (women”s athletic physique) Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, Дэлхийн хошой аварга болсон билээ.

 

Энэ жил Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид 16 хүний бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьж, 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн. ДАШТ-д оролцсон тамирчдын талаас илүү хувь нь медальд хүртсэн нь өмнө нь Монголын спорт, тэр дундаа энэ төрлийн спортын түүхэнд тохиож байсан ховорхон үзүүлэлтийн нэг болжээ.

 

Бид энэ спортын түүхэнд шинэ хуудас нээж, олон залуусыг бодибилдинг, фитнессийн спортод “уруу татаж” чадсан Дэлхий хошой аварга Г.Угалзцэцэгтэй ярилцлаа.

 

Тэрээр ДАШТ-ээс Монголдоо ирээд, долоо хоног ч хүрэлгүй бэлтгэлдээ эргэн оржээ. Нээлттэй, хөгжилтэй энэ бүсгүйтэй бид “Ulaanbaatar fitness” дэх бэлтгэлийн үеэр нь цөөн хором ярилцсан юм.

 

ugalztsetseg

 

-ШҮҮГЧИД “ИЛТ ДАВУУ” БАЙСАН ГЭДГИЙГ ХЭЛСЭН- 


-Юуны өмнө танд Дэлхийн хошой аварга болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээнд хэдэн орноос хэдэн тамирчин өрсөлдөв өө?

-Өнгөрсөн жил би анх удаа ДАШТ-д оролцсоныг та бүхэн мэднэ. Энэ жилийн хувьд оролцогч улс орон, тамирчид нэмэгдсэн нь ажиглагдсан. Нийт 60 гаруй орны 600 гаруй тамирчин 39 ангилалд өрсөлдлөө.

 

-Өнгөрсөн жилийн дэлхийн аварга болсон тул өрсөлдөгчид тань таныг мэдээж судалсан байх. Энэ жил бусад оролцогчдоос юугаараа ялгарч чадсан гэж бодож байна вэ?


-Өнгөрсөн жил миний ангилал маш олон өрсөлдөгчтэй байсан. Гэтэл энэ жил өрсөлдөгчид маань бие биенээ судалсан болоод ч тэр үү дээшээ, доошоо жинд орж, өөр ангилалд өрсөлдөж байгаа нь харагдсан. Яг миний ангилалд цөөхөн оролцогч орж ирсэн. Тэмцээнд яг орж байхдаа өөрийгөө яг аль түвшинд байгаа вэ гэдгээ төдийлөн мэддэггүй юм. Харин тэмцээн дууссаны дараа зураг болон бичлэгээ харж өөрийгөө ямар хэмжээнд байв аа гэдгээ мэдсэн дээ. Тэмцээний дараа ч шүүгчид “Илт давуу” байсан гэдгийг хэлж байсан. Үнэхээр л өөрийгөө харахад пропорциороо илүү давуу төдийгүй бусад оролцогчидтойгоо харьцуулахад илүү эмэгтэйлэг байсан гэж бодож байгаа. (инээв. сурв)

 

-Та гуравхан жил хичээллээд Дэлхийн аварга болсон. Ер нь монгол тамирчид оюуны болон биеийн спортын төрөлд аль алинд нь цөөхөн жил хичээллэсэн мөртлөө өндөр амжилт гаргаж чаддаг гэж гадныхан үнэлдэг. Манай тамирчдын онцлог юу байдаг вэ?


-Тийм шүү. Ялангуяа энэ жил манай тамирчид өмнө үзүүлж байгаагүй өндөр амжилт гаргасан. Ажиглаж байхад манай тамирчдын булчин маш нягт байдаг бол бусад улсын тамирчдын булчин их сэвсгэр, зөөлөн байдаг. Их ялгаатай шүү. Энэ бол бидний амьдарч буй орны уур амьсгал, байгалийн онцлог, идэж ууж буй бүхнээс шалтгаалдаг. Тухайлбал, манай тамирчид үхрийн махнаас их уураг авдаг тул булчин нь ийм нягт байх талтай гэж би боддог юм. Харин дулаан орны тамирчин будаа болон ногоо зэргийг хүнсэндээ их хэрэглэдэг учраас сэвсгэр булчинтай байдаг байх.

 

ugalztsetseg

 

-ТАЙЗАН ДЭЭР НАМАЙГ ӨӨРТӨӨ

ДЭНДҮҮ ИТГЭЛТЭЙ БОЛООД,

ЯГ ӨӨР ХҮН ШИГ БАЙДАГ ГЭДЭГ-


-Шүүгчид таныг хэрхэн үнэлж байв аа?


-Хүн урмын үгээр их хөглөгддөг. Би ч ялгаагүй, урмын үгээр л хурцлагдаж бэлтгэлээ хийдэг шүү (инээв. сурв). Өдөр бүр л онлайнаар тэд маань намайг дэмжиж, хурцалж байдаг. Нэмж хэлэхэд, монголчууд урмын үгээрээ надад маш өндөр хариуцлага хүлээлгэдэг. “Заавал ялна шүү, чи чадна шүү, чи мундаг шүү” гэх энэ үгс намайг өдөр бүр бүх хүчээрээ хичээхэд түлхэц болж байсан. Өнгөрсөн жилийн хувьд энгийн нэг тамирчин л гэнэт дэлхийн аварга болчихсон бол энэ жил “Би заавал аваргаа хамгаалах ёстой” гэсэн хариуцлагын дор маш их хичээсэн. Тийм ч учраас би зорьсондоо хангалттай хүрч, илт давуу байдлаар ялсан. Миний ангилал өөрөө энэ спорт дотроо классик ангилалдаа багтдаг нь их сайхан. Төгс пропорци, төгс булчин, төгс үзүүлбэр гээд энэ спорт зүгээр нэг том булчинтай байхын нэр биш. Хамгийн гол нь зөв хөгжүүлсэн л байх ёстой. Нэмээд их гоё эмэгтэйлэг байдлаа хадгалсан байх шаардлагатай. Энэ спортоор их удаан хичээллэвэл эмэгтэйчүүд маань жаахан эршүүд болчих гээд байдаг талтай.  

 

-Жүдо бөхийн тамирчин хичнээн сайн бэлтгэл хийлээ гээд дэвжээн дээр гараад анхаарал сарнивал эцсийн дүндээ алддаг шиг та бүхэн ч мөн хичнээн сайн бэлтгэл хийгээд тайзан дээр үзүүлбэрээ сайн үзүүлж чадахгүй бол оноогоо алддаг байх? Тайзан дээр юу үзүүлэх хамгийн чухал вэ?


-Яг тайзан дээр гарах дөхөхөд тамирчин хүний сэтгэлзүй их чухал. Би бэлтгэлээ бүрэн хангаж чадсан гэдгээ мэддэг учраас өөртөө маш итгэлтэй, илүү тайван байж чаддаг. Тайзан дээр намайг өөртөө дэндүү итгэлтэй болоод, яг өөр хүн шиг байдаг гэж хүмүүс хэлдэг юм. Зүв зүгээр явж байснаа тайзан дээр гараад ирэхээрээ шазайгаад, “Би” л гэсэн шиг гарч ирдэг гээд л шоолох үе бий. (инээв. сурв). Үнэхээр ч тайзан дээр байхдаа би маш их кайф авдаг. Хийсэн хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг хамгийн чухал учраас энд бүхнээ харуулах ёстой. Зарим хүн бүтэн жил бэлтгэлээ тасралтгүй хийж хийчихээд, тайзан дээр гараад өөрийгөө илэрхийлж чадахгүй, харуулж чадахгүйгээсээ болж оноогоо хасуулдаг. Энэ маш харамсалтай. Тиймээс бид бүх талаасаа бэлтгэгдсэн байх ёстой. 

 

ugalztsetseg

 

-ТЭМЦЭЭН ДУУСАХААР АМТТАЙ, ДУРТАЙ ЗҮЙЛСЭЭ ИДЭЖ ӨГНӨ ДӨӨ- 


-Та Монголдоо ирээд хэд хонов? Өнөөдрөөс бэлтгэлдээ орж байна. Энэ хугацаанд биеэ амрааж чадав уу?


-Ирээд долоо хоночихлоо шүү. Бид чинь тэмцээн дуусахаар үнэндээ идэж, ууна өө (инээв. сурв). Хүмүүс бодохоо дандаа л гоё биетэй, үргэлж дэглэмээ бариад, элдвийг идэж уухгүй явдаг гэж ойлгодог шиг байдаг юм. Үнэхээр ч бүтэн жилийн турш амттай гэсэн болгоноос татгалзаад, дуртай зүйлээ идэж чадахгүй. Тиймээс тэмцээн дуусахаар амттай, дуртай зүйлсээ идэж өгнө дөө. Мөн нэгээс хоёр хоногийн турш бид усаа хасчихсан байдаг тул өөх нэмэлгүй хэсэг хугацаанд жаахан хавагнаад “хөвсийчихдөг” юм. Тэгэхээр л гэртээ хэвтэхээр ядраад, хурдхан бэлтгэлдээ явахсан гээд бодогдоно. Бэлтгэлдээ явахаар хүмүүс “Амраач ээ” гээд л. Ер нь ирснээсээ хойш яг сайхан амарч чадаагүй л байна. Шинэ жилийн ёслолууд эхлээд, өчигдөрхөн /2016.12.11/ л гэхэд Хөвсгөл нутгийнхаа  шинэ жилийн ёслолд оролцлоо. Хүүхдүүдтэйгээ ч гадуур хамтдаа гарч, цагийг өнгөрүүлээгүй хэвээр байна. Одоо хоёр долоо хоногийн хугацааг гэр бүлийнхэндээ зориулахаар хичээж байна. Яг ДАШТ-ий дараа шинэ жил, олон үйл явдлууд давхцдаг учраас жаахан ядрах гээд байдаг ч бэлтгэлдээ орчихсон байна.

-Хүүхдүүд тань ээжээрээ хэр бахархдаг вэ? Таны хань ч ялгаагүй олон залуугийн харцыг булаасан ханьтай байхад ямар байдаг тухайгаа ярьдаг уу?

-Хүүхдүүд маань надаар бахархдаг юм. Тэмцээнд явж байхад л байнга л асууж, сураглаж, юу болж байгааг минь мэдэх гэж чих тавьж суудаг юм. Сая ДАШТ-д би гэр бүлийнхээ хүний хамт явсан. Ер нь бид хоёр хамтдаа бэлтгэлээ хийнэ, хүүхдүүд маань ч тодорхой хэмжээнд хичээллэдэг. Тэд маань намайг идвэл иднэ, идэхгүй бол идэхгүй гээд бид адилхан болоод байгаа. Ээждээ баяр хүргэнэ, ангийнхныхаа, багшийнхаа баяр хүргэсэн захиасыг уламжилна. Их сайхан байдаг юм. Сая тэмцээнд нөхөр бид хоёр хамт яваад биеийг маань кремдэж, тугийг маань тайзан дээр хамт гаргаж өгсөн. Тэд маань намайг бүх талаар дэмждэг. Тэгж байж л тамирчин хүн ийм амжилтанд хүрдэг. Ганцхан өөрийнхөө хүчээр бэлтгэл хийсээр амжилтанд хүрдэг гэж би боддоггүй. Тэдний ард гоё сайхан гэр бүл, найз нөхөд, баг хамт олон, ард үлдээд амжилт хүсч байгаа монголчууд байдаг юм шүү.

 

-Та яах аргагүй бүсгүйчүүлийн үлгэр жишээ болж чадсан эмэгтэй. Эрүүл мэндийнхээ төлөө зааланд бэлтгэл хийхийг “Амжихгүй байна, завгүй байна, гэр бүлийн хүн дэмжихгүй байна” гэж хойшлуулдаг бүсгүйчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?


-Би анх фитнесст явах бодолтой байгаагаа нөхөртөө хэлтэл “Яах юм бэ, би гэрт нь дугуй аваад өгье, зам аваад өгье, тийшээ явж цаг алдаад яах юм” гээд л явуулдаггүй байлаа. Ер нь ихэнх эрчүүд ийм байдаг байх аа (инээв. сурв). Тэгээд нэг өдөр нууцаар очоод фитнесст бүртгүүлчихсэн. Нэг өдөр дасгал хийчихсэн чинь маргааш өглөө нь булраад, орноосоо босч чадахаа байчихдаг юм (инээв. сурв). Тэрийгээ нуугаад хэд хоног явчих бодолтой байснаа “яасан юм бол” гээд санаа нь зовж магад гээд үнэнээ хэлсэн дээ. Ингээд нөхөр маань нэгэнт бүртгүүлчихсэн юм чинь гээд дэмжиж байсан. Тэгэхээр хамгийн гол нь өөрөө л шийдэх шийдэл чухал. Гэр бүлийн хүн тань хичнээн эсэргүүцэж байсан ч та л шийдээд, жин тань бие галбирт тань өөрчлөлт гараад эхлэхэд таныг дэмжинэ, таныг урамшуулна. Харин цагийн хувьд та өдөрт ганцхан цагийг өөртөө зарцуулж, зохицуулалт хийж чаддаг байх хэрэгтэй. Хичээгээрэй, бүсгүйчүүд минь.   

 

-Бүсгүйчүүдийн эрүүл мэндэд эерэг байх?


-Гол нь эрүүл мэнд шүү дээ, та заавал тамирчин болох шаардлагагүй. Дахин хэлэхэд та өдөрт ганцхан цаг зарцуулахад өөрийн эрүүл мэнд, гоо сайхан, бие галбиртаа маш үнэтэй хувь нэмэр оруулж чадна.

 

ugalztsetseg

 

-ЭНЭ СПОРТООС ЗОДОГ ТАЙЛАХГҮЙ-


-Та цаашид өөрийн хувийн амьдралдаа болон энэ спортынхоо төрөлд ямар амжилт гаргахаар төлөвлөж байгаа вэ? Дэлхийн хошой аварга болсон тул танаас өөр ямар амжилт гарах бол гэж хүмүүс харж, хүлээж байгаа?


-Намайг энэ ангиллаасаа дээшээ, өөр ангилалд битгий ороорой гэж хүмүүс хэлдэг юм. Миний ангиллын дээр бодибилдинг буюу илүү том булчинтай ангилал байдаг. Би ч өөрөө эмэгтэй хүнд хэт их том булчин хэрэггүй гэж боддог. Ирэх онд буюу 2017 онд ДАШТ Монголд болно. Тиймээс эх орондоо болж буй дэлхийн аваргын тэмцээнд заавал оролцох ёстой гэж бодож байна. Харин үүний дараа хувийн нэг төлөвлөгөө бий. Хүүхдүүд маань одоо том болчихсон учраас дахин хүүхэд гаргана аа (инээв. сурв)

 

-Та энэ спортоос зодог тайлах уу?  


-Мэдээж үгүй. Энэ спортоор хэдэн нас хүртлээ ч хичээллэж болно. Магадгүй тамирчныхаа карьерыг дуусгалаа гэхэд эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө би хэзээ ч энэ спортоос хөндийрөхгүй. Бас нэг төлөвлөгөө бол өөрийн гарын шавь нартай болох. Өөрийн мэдэж сурсан зүйлээ ганцхан өөртөө үлдээгээд яах билээ, бусдад зориулах хэрэгтэй. Олон төлөвлөсөн зүйлсээ шат дараатайгаар биелүүлээд явна аа.

 

-Та багшгүйгээр энэ спортод томоохон амжилт үзүүллээ. Таны шавь нар их азтай юм?


-Тийм ээ. “Багштай юу” гэдэг асуултыг надаас байнга л асуудаг. Би анхнаасаа л ямар ч багшаар дагнаж заалгаагүй. Анх би “California fitness” клубд заалныхаа багш нараар заалгаад эхэлж байсан. Мэдээж олон хүн байгаа тул надтай онцгой тулж ажиллаж чадахгүй. Тиймээс би интернэт “ухаад” л, өөрөө өөрийгөө бэлдэж байсан. Удахгүй анхныхаа тэмцээнд оролцож, бүр их сонирхож судалсан. Ингээд өөртөө таарах бэлтгэлийн төлөвлөгөө, хоолны дэглэм гаргаад л явж байлаа. Одоо олон улсын тэмцээнд явахад бид бие биендээ багш нь юм шиг л зөвлөөд, туслаад л явдаг даа.

 

ugalztsetseg

 

-МАНАЙ СПОРТЫГ ЖААХАН ДЭМЖЭЭД ӨГВӨЛ ЗАЛУУСТ 
МААНЬ ИХ Л ХЭРЭГТЭЙ БАЙХ-


-Өнгөрсөн жилээс хойш танаар хурцлагдаж, тан дээр хүсэл мөрөөдлөө яриад ирж байгаа олон сайхан залуус байгаа байх?


-Би багшилдаг учраас олон шавь надад бий. Гэхдээ саяхан тэмцээнд оролцох зорилгоор гарын хоёр шавьтай болсон. Тэд маань бүр хадаг бариад, сайн өдрийнхөө барилдлагыг хараад ирсэн шүү /инээв. сурв/ Одоо нэгдүгээр сараас эхлээд шавь нарынхаа үндсэн бэлтгэлийг эхлэх төлөвлөгөөтэй байна.

 

-Та бүхэн улсаас ямар нэгэн тусламж дэмжлэг авдаг уу?


-Бид одоохондоо өөрсдөө болгоод явдаг. Гэсэн ч ирээдүйд маш олон сайхан залуус, тамирчид бэлтгэгдэнэ. Тэднийг маань дэмжээд өгвөл Монголын нийт залуус чөлөөт цагаа зөв боловсон зүйлд зарцуулдаг болж, эрүүл мэнддээ зөв аргаар анхаарч, зорилготой болно. Түрүүлчихвэл амьдралыг нь хангаад өгчихдөг спортууд манайд бий шүү дээ. Манай спортыг жаахан дэмжээд өгвөл ирээдүйд залууст маань их л хэрэгтэй байх. Төр засаг биш юмаа гэхэд томоохон компаниуд ч залуусыг минь дэмжиж болно шүү дээ. Бид харилцан бие биедээ туслаад, дэмжээд явах боломжтой.

 

-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.


-Тэмцээн уралдаанд бид өөрсдийнхөө зардлаар явдаг. Энэ бүхэнд туслалцаа дэмжлэг үзүүлдэг албан байгууллага, хувь хүмүүсээ дурьдахгүй байхын аргагүй юм. “B production”, “Ulaanbaatar fitness” бидний хувцас хэрэглэл, тэмцээн хүртэлх хоол хүнс, уураг бэлдмэлийг бүрэн хангаж, тусалсан. Бид өдөр тутамд бэлтгэл хийдэг тул хувцас хөлстэй болчихно, угаана, элэгдэнэ, өнгө алдана. Өдөртөө бид чинь хоёр ч тахианы цээж мах, сардаа сая гаруй төгрөгийн уураг бэлдмэл хэрэглэнэ. Нэмээд тэд ДАШТ-ий үеэр байрлах зочид буудлын мөнгийг гаргаж өгсөн. Энэ бүхнийг “Ulaanbaatar fitness” маань дааж, ивээн тэтгэсэн. Бид баярлахгүй байхын аргагүй. Нэмээд Монголын бодибилдинг, фитнессийн холбооныхон, хамт явсан тамирчиддаа баярлалаа. Манай холбоо саяхнаас Г.Анархүү гэж шинэ ерөнхийлөгчтэй болсон. Залуухан мөртлөө маш дайчин, шаргуу хүн. Тэмцээн болохоос хэдхэн хоногийн өмнө баг тамирчдаа бүрэн хувцаслаад, спонсорлоод явуулж чадсан. Холбооны нарийн бичгийн дарга Одбаатартаа ч баярласан талархсанаа илэрхийлье. Улсаас мөнгө төгрөг аваагүй мөртлөө яаж ийгээд л бүх тамирчнаа аваад явдаг юм. Мэдээж гэр бүлдээ, Хөвсгөлчүүддээ, Монголчууддаа дахин дахин баярлалаа.

 

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН