НЯМТАЙШИРЫН НОМТОЙБАЯР ”АЛТАН ЖУР”


“Арван зүгийн эзэн Гэсэр хааныг багад нь Нусан жур гэж дуудах буюу” хэмээн эхэлдэг эртний туужаас иш татаж, энэ эрхмийг Алтан жур хэмээн өргөмжилсү. Шулуухан үгс олон байдаг л даа, түүний тухай. “Бэлэн мөнгөний АТМ”, “Улс төрийн нусгай”, “Но-той баян”, “Юмтайбаяр” гэх мэтийн цөөнгүй нэр хочийг түмний зүгээс түүнд оноосон байдаг. Угийн баян төрчихсөн хүн гэж цаанаа л өөр. Хочоор хүртэл сагаж явдаг байх нь.


Жинхэнэ нэр нь цол гуншин шиг сүртэй. Нямтайширын Номтойбаяр. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч. Нийгмийн аюулаас хамгаалах яамны түшмэлээр ажиллаж байсан тэрбумтны өв залгамжлагч. Хэр баргийн нусан журд ингэж цоллуулах хувь зохиол сох дутна. Яагаад зөвхөн түүнд тэгвэл ийм цадиг оноогоо вэ гэж үү. Яагаад гэвэл, тэр нусан жур биш алтан жур учраас. Монголын алтаар гулгиж өссөн цорын ганц нуган үр учраас. “Нус нь хүртэл алт юм гэх чинь билээ” гэсэн сул үг цаагуур чинь хэт их газар авснаас болоод Монгол Улсын Ерөнхий сайд маань хүртэл нусыг нь арчиж өгөх гэж гүйгээд сүйд.


Энэ тухай Монгол даяараа л цуурхаж байна. Чихтэй хана бүхэн сонсож байгаа энэ цуурайг намжаах гэсэндээ мань хүн нүх бүхнийг мөнгөөр чигжиж байх шиг. Чухам үнэндээ түүнийг төрийн сайдын сэнтийд авчраад суулгачихсан хүчин зүйл бол муу шар алт. Тэр дундаа бүр Монголын алт. Эцэг хүү хоёрын эзэмшдэг “Монголын алт компани” буюу МАК группын тухай ярьж байна, энд. Хэрвээ Монголын алт юм бол яахаараа ингээд ганц хоёр хүний өв залгамжлан эдлэх өмч хөрөнгө болоод алба тушаал худалдан авахад зарцуулагдаад явж байдаг юм, чөтгөр бүү мэд. Ёстой нөгөө нусан журыг алтан жур болгох хувь зохиол оноосон бурханы л мэдэх хэрэг биз ээ.

 

 

Н.Номтойбаярын өв залгамжлан эзэмшээд, үрж зараад, улс төр хийгээд байгаа тэр их алтны угсаа гарвалыг судалвал Монголын алт гээд байхыг бодоход уул шугамандаа ард түмний хамааралтай баймаар мэт. Хэрвээ Нямтайшир, Номтойбаяр гэдэг хоёр эрхмийг сүүлд Монгол гэж нэрлэдэг болчихоогүй бол шүү дээ. Монголын алт компанийн олборлолт явуулж байгаа газар нутгуудыг газрын зураг дээр дугуйлбал бас л том талбай эзэлж байна. Баянхонгор аймгийн Жаргалант, Заг сумын нутагт 1342 га талбайтай ашиглалтын лицензтэй хоёр алтны уурхай, Дорноговийн Айраг суманд 46 га перлитийн уурхай, Даланжаргаланд 597 га нүүрсний гурван уурхай, 883 га талбайтай барилгын материалын хоёр уурхай, Дорнодын Баянтүмэнд 1082 га нүүрсний уурхай, Өмнөговийн Нарийн сухайтад 1161 га нүүрсний таван уурхай ажилладаг. Эдгээрээс гадна хайгуулын олон лиценз бий. Монголын ард түмний өмч болох газрын доорх баялаг ямар замаар “МАК” компанийн эзэн Т.Нямтайширын гарт төвлөрсөн юм бол оо. Хариулт нь тэрбээр НАХЯ-ны уул уурхайн хариуцсан хэлтэст ажиллаж байсан учраас Монголын баялаг хаана байгааг мэддэг байсан, түүнийхээ дагуу том ордуудын ашигтай лицензүүдийг түүж олборлон өөрийн болгосонд оршино. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл энэ гэр бүл төрийг хэрхэн ашиглаж мөнгө хийж болдгийг мэддэг гэсэн үг. Төрийг ашиглахын тулд томоохон албан тушаал, эрх мэдэлд хүрэх ёстой хэмээсэн итгэл үнэмшилдээ эцэг хүү хоёр өдгөө мөнгө харамлахгүй цацаж буй бололтой.


Алтан жур маань өөрт оногдсон хувь зохиолоороо ард түмний гарвалтай баялаг дээр дэмий цатгалдаж хэвтэх гэсэнгүй аж. Тэр гэнэт л өглөгийн эзэн шиг аашилж эхэлсэн. Баянаараа тэнэгээ нуусан айлын ганц эрх банди шиг л бодлогогүй, баруун солгойгүй мөнгө цацаж, улс төр гэж тультраадаад унасан билээ. Тухайн үед нь түүнийг хэн ч ойшоож үзээгүй. “Улс төрийг мөнгө гээд бодчихсон бацаан” л гэж харж байсан. МАН-ын Тусгаар тогтнолын ордонг барьж босгоход нэг тэрбум төгрөг хандивлалаа, Дорнод аймагт байн байн очиж оймс, бээлий, мөнгө сэлтээ хайр гамгүй цацаж хаялаа гээд л “Бэлэн мөнгөний АТМ” шиг ажилласных нь цаад сэжүүр захаасаа цухуйлаа. Тэрбээр мөнгөөр Монголын төрийг худалдан авахаар санаархжээ. Санаархал нь зах зухаасаа биелээд эхэлж. Одоогоор МАН-ыг, У.Хүрэлсүх, Сү.Батболд хоёртой нь юу ч атугай худалдаад авчихсаны илэрхийлэл болж төрийн дэд сайдын суудал ямар ч шалгуур, босгогүйгээр түүнд очиж байсан удаатай. Тэгээд тун удалгүй Дорнод аймагт нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүн болж авсан. Одоо дахин өрсөлдөх тухай дуулдаж байна. Албан тушаалын шатаар алт дэвсэж байгаад мацаж болдог энэ төрд тэр хол явах бололтой харагдаж байна.

 

 

МАН одоо мөнгө л хэрэг болвол Н.Номтойбаяр, Ц.Гарамжав, О.Содбилэг, Г.Тэмүүлэн гээд шинэ залуу саалийн үнээнүүд рүүгээ хувингаа тосоод гүйчихдэг болсон сурагтай. Гэвч тэд хоосон савыг дүүргэснийхээ хариуд шан харамж болгож юуг МАН-аас хүртэх вэ. УИХ-д нэр дэвших мандат уу, засгийн эрх хамт барилцах эрх мэдэл үү. Үнэндээ монголчуудын хамгийн ихээр дургүйцэн сэжиглэдэг энэхүү мөнгө, албан тушаалын холбоос, шүтэлцээ хэтэрхий ил цагаандаа гарч байна. “Монгол алт” буюу МАК-ын эзэд Монгол ардын намд гишүүнчлэлтэй нь өнөөгийн томоохон олз, аз завшаан болдог нь ч илэрхий. Одоогийн МАН-ын дарга болоод генсек нарын хувьд сонгуульд намаа ялуулахад мөнгө, мөнгө, бас дахин мөнгө хэрэгтэй байгаа нь мэдээж. Тиймд Н.Номтойбаярын толгой доторх мэдлэгийг үүцлэх гэсэндээ биш, эзэн суусан алтыг нь ашиглах гэсэндээ УИХ-ын гишүүний зөөлөн суудлаар бөгсийг нь дахин ивж өгөхийг хичээх нь дамжиггүй.


 “Олигархиудын засаглал тогтоод байна” гэх хэл үг сүүлийн үед маш их дуулдаж буй. Гэтэл Н.Номтойбаяр бол өсч буй олигархи. Нусан журыг ингэж хэлвэл хэт өргөмжилсөн болж, түмний инээдийг барна. Харин алтан журын тухайд бол улс төр, бизнес хоёрыг холбосон олигархи гэдэг нэр томъёо доромжлол биш, зохисон онош болж сонсогдоно. “МАК” нь одоо Хятадтай хамтран Өмнөговь аймгийн Нарийн сухайтын ордын нүүрсийг хил давуулан урагш зөөсөн. Тэд Хятад, Монголын хамтарсан “Чинхуа МАК-Нарийн сухайт” компанийг байгуулалцсан. Тус компани нь 2005 онд манай Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан байдаг. Мөн алдарт Гацууртын ордыг ч өөрийн мэдэлдээ саяхан шилжүүлж авсан билээ.

 


 

Эдгээр нь цаашлаад Монголын төр түмэн олныхоо төлөө ажилладаг уу, хэсэг бүлэг хүнд үйлчилдэг үү гэдэгт ч эргэлзэхэд хүргэдэг. Стратегийн ордын эзэмшлийг 50 хувь хүртэл хувь нь төрийн мэдэлд байна гэж хуульчилсан ч хайгуулыг нь өөрсдөө хийсэн Нарийн сухайдад хэрэгжиж чадсангүй. Өөр нэг ноцтой зүйл бол Нарийн сухайтын нүүрс нь эрчим хүчнийх биш сайн чанарын коксжих нүүрс гэдгийг мэргэжлийн хүмүүс нотолдог. Гэтэл бүгдээрээ эрчим хүчний нүүрс гэсэн ангиллаар үнэ хямдтайгаар хил даван одож байна.
Гэнэт төрийнхөө төлөө “боож үхэхээр шийдсэн” Н.Номтойбаярын бизнесийн эрх ашиг, түмний төлөө зориулах улс төрийн амбиц хоёр хоорондоо ийн зөрчилдөх аж. Бизнесийн эрх ашгаа хангахын тулд улс төрийн амбиц гаргаж, хүрсэн эрх мэдлээрээ дамжуулж түүнийгээ ч хэрэгжүүлж чадаж байгааг олигархи гэж шууд нэрлэж болдог. Н.Номтойбаяртанаас төрийн өмчийг хувь руу хэрхэн зөөвөрлөсөн тухай мөрдөж мөшгихөө байя. Гагцхүү хэт ашгийн төлөө хэрхэн улайрч, төрийг өөрсдөд ашигтайгаар залан жолоодож чадаж байсан тухай нь түүнээс хэзээ асуух вэ.           

 

         
Тэрбээр өмнө нь бизнесийн ашиг сонирхлоо дээдэлдэг байсан бол өдгөө төрийн хүн болж хувирлаа. Үндэсний эрх ашиг, хууль ёс, шударга ил тод байдлын төлөөх үйл хэрэг туулж ирсэн бизнесийн замналтай нь зөрчилдөхөд тэр бэлэн гэж үү. Гэвч яаран дүгнэлт хийхэд бас ч эртдэж мэдэхийн. Нусан жур хочит бяцхан хөвүүн хэрхэн Гэсэр мэргэн хаан болж өсч өндийсөн шиг цаг хугацааны хүчин зүйл түүнд хэрхэн нөлөөлөхийг мэдэх аргагүй юм.

 


Гэхдээ л бүхнийг мөнгөөр шийдэж сурсан түүний унаган зан хаачив л гэж. Мөнгөний гэх улс төрийг цэцэглүүлэн хөгжүүлэх үйлсэд оройлон оролцох нь лавтай. Чухамдаа Н.Номтойбаяр боловсон хүчний нөөцтэй гэж сайрхах дуртай МАН дахь “ногоон”-уудын армийн командлагч болж байгаа хүн. “Улс төрийн нусгайчууд” гэж ч нэрлэж болно л доо. Тиймээс ядаж л тэд нусны алчуур худалдаж авах мөнгөтэй байх гэсэн гол ганцхан зарчмыг хатуу мөрдөх нь аргагүй л дээ. Нусан жур алтан жур хоёрын ялгаа байхгүй. Жур бол жур. Нусны сайн шиг алчуур хэрэг болохдоо л болно.

 

  •  
  •  

 

Эх сурвалж: www.PRNEWS.mn