Х.Бум-Эрдэнэ, Д.Баярсайхан нар хууль бусаар хөрөнгөжсөн үү


Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс гаргасан оффшор данстай холбоотой мэдээлэл дунд Монголын 49 хүний нэр гарч ирсэн. Тэдэн дунд улстөрчид, тэдний хамаатан, ах дүү, хүүхдүүдийн нэр цохиж явсан нь шуугиан дэгдээсэн билээ. Мэдээж тэдний мөрөөр ямар ч хариуцлага, хуулийн шийтгэл явагдаагүй. Хэн ч ял зэм хүртээгүй. Оффшор данстай улстөрчид бүр эсрэгээрээ албан тушаал дэвшээд, УИХ-ын гишүүн, сайд, дарга болоод явж байгаа нь хөдлөшгүй үнэн. Харин саяхнаас УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд оффшорчидтой холбоотой хэд, хэдэн баримт ирсэн талаар эх сурвалжууд мэдээлэх боллоо. Үүний нэг жишээ бол СЗХ-ны гишүүн, СХЗ-ны орлогч дарга Х.Бум-Эрдэнэ болон түүний дотны анд Төрийн банкны захирал Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн байсан Б.Ганбат нарын талаарх мэдээллийг "Өдрийн сонин"-д нийтэлжээ. Оффшор бүс дэх "GUMAX" 2008-2012, "IMPOX" 2008-2012, "TSA-YARS" 2008-2012, "DOLOWAY INTERNATIONAL" 2009-2013 компаниуд нь Х.Бум-Эрдэнийн нэр дээр байгааг Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс зарласан. Харин тэрбээр хэрхэн хөрөнгөжиж, оффшор бүсэд данстай болсон бэ. Энэ талаар эх сурвалж "Х.Бум-Эрдэнэ, Д.Баярсайхан, Б.Ганбат нарын нэгэн үеийн залуус хуулийн сиймхийг, мөн танил талаа ашиглан нэг баг болсноор Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлүүд болон ялангуяа олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, шинээр хувьцаа гаргах зөвшөөрлүүдийг олгосон. Ингэхдээ Монгол Улсын болон салбарын хууль тогтоомжуудыг зөрчин санаатайгаар эс үйлдэхүйг гаргаж, тэдгээр компани удирдлагуудад хяналт тавих боломжгүй болсноос 2006-2009 онд IPO гаргасан /"Анод", "Туул сонгино усны нөөц" ХК, "Монголиан девелопмент ресорсес" ХК, "Сипикат ХК"/ зэрэг компаниуд нь дампуурч, олон хөрөнгө оруулагч иргэнийг хохироосон. Энэхүү дампууралтай зэрэгцэж, Д.Баярсайхан нь баруун дөрвөн замын "MAX MALL"-ын ард "Колорада бизнес центр" гэх том барилгыг барьж, Х.Бум-Эрдэнэ нь хаустай болж, дараа нь хоёр ч оффшор данс нээлгэсэн" гэжээ. Тэдний тухайд хэрхэн хөрөнгөжсөн хийгээд ямар замаар оффшор бүсэд данстай болсон эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах биз ээ. Дээр дурдагдсан эх сурвалжийн мэдээлэл хэрвээ үнэн бол Д.Баярсайхан, Х.Бум-Эрдэнэ нар нь хууль бусаар хөрөнгөжсөн болж таарах юм. Угаасаа оффшор данстай эрхмүүдийн хөрөнгө ямар замаар үүссэн нь нууц далд байдаг. Нууц далд бүхэн араасаа хардлага сэрдлэг төрүүлэх нь зүйн хэрэг. Иймээс манай сайт "Оффшор бүс"-д нэр нь дуурсагдсан хэн бүхний тухай мэдээллийг цувралаар хүргэх болно. 

 

Эх сурвалж: criminal.mn