ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ШИЛЭН ДАНС ШИРЭН ДАНС БОЛЛОО


Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хуулийг санаачилж, МАН-ынхан түүнийг нь дэмжиж, АН-ын үеийн албан тушаалтнуудыг АТГ-т ээлж дараалан өгч байсан цаг саяхан. Гэтэл засаг солигдож, МАН, АН хоёрын байр солигдмогц Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт зогсож, шилэн данстнууд ширэн нүүрлэх болцгоов. Шилэн дансны тухай хуулийг нь твиттер, фэйсбүүкт өдөр, шөнөгүй сурталчилж, Аудитын газрын дарга А.Зангадаас эхлээд АН-ынхны уурыг барж байсан хүн бол Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл. Тэрбээр “Шилэн Цогоо” гэгдэх болж төрийн байгууллагын өмнө гал асааж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос үзэг хүртэл бэлгэнд авч байсан. Тэр үед Төрийн тэргүүний чих ч зөөлөн байж. МАН-ынхан шилэн дансны хөтлөлтийг шаардахад “Албан тушаалтнуудыг халуу оргитол нь шахаж хариуцлага тооцох ёстой. Зүгээр цалинг нь хасаад өнгөрөх биш, ажлаас нь халах хэрэгтэй” хэмээн хүч нэмж байлаа. Тэр ч атугай “Шилэн дансны хуулийг мөрдөхгүй, биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооц гэж байгаа иргэн бүр энэ хуулийг хэрэгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулж байгаа. Үүнийг төр засаг сонсох ёстой” гэж байсан. Гэтэл Төрийн тэргүүн маань өдгөө иргэдээ сонсохоо больсон уу, Шилэн дансны тухай хууль нь сонин биш санагдах болсон уу энэ талаар огт дуугарахаа больжээ. Тэр дундаа АН-ынхан нь УИХ-д есхөн суудалтай сөрөг хүчин болж, сошиалд улстөржихөөс цаашгүй болсон энэ үед шилэн данс хөтлөхгүй байгаа яамдын талаар өөрт нь хандаж байхад ганц ч удаа хариу бичсэнгүй. Тиймээс АН-ынхан түүнийг “Манай Ерөнхийлөгч уг нь их л идэвхтэй хариу өгдөг байсан. Гэхдээ тэр үед баавгайн талд ажиллаж байсан юм байх даа” гэж гайхширч байна. Тэдний шаардаж буйгаас харахад, шилэн данс хөтлөх үүрэгтэй төрийн байгууллагууд шилэн дансны сайтдаа шийдвэр, зарлагын баримт, тушаалын хуулбаруудаа огт тусгалгүй 154 хоносон бол Эрүүл мэндийн яам шилэн дансаа хөтлөлгүй хоёр сар гаруй болж байгаа аж. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК 154 хоног болсон тухай гомдол, шаардлагууд хөврөх ч Ерөнхийлөгч таг чиг. МАН эрх барьснаас хойш мартагдсан сэдвүүдийн тоонд “Давхар дээл”, Шилэн дансны тухай хууль орлоо. Шилэн дансны тухай хууль хэрэгжиж, төрийн байгууллагууд шилэн данс хөтөлдөг байхад Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарын хэмжээлшгүй их тансаглал дуулиан тарьж байв. 

Л.Номин 
ANALIZ.MN