
Улс тунхагласны 92 жилийн ойн барилдаанд энэ жилийн наадмын түрүү, үзүүр бөхчүүд, залуу аварга, арслан, заанууд, энэ цагийн бөхийн ертөнцийг өнгөлж яваа олон хүчтэн зодоглолоо. Улсын баяр наадмаас хойш хамгийн олон өндөр цолтонтой барилдаан болсон ч байж магадгүй. Улс тунхагласны барилдаан угаасаа ч наадам, цагаан сарын барилдааны дараа нэрлэгддэг, чансаа өндөр барилдаан. Энэ барилдаанд аварга Ч.Санжаадамба түрүүлж, арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ.
Ийнхүү намрын найр наадам, түүний дараах шинэ цолны хүндэтгэлийн ёслолууд шувтарч, үндэсний бөхчүүд бэлтгэлээ жигдэлж, заалны барилдаанд бүгд зодоглож эхэлж байгаа бололтой. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн шинэ улирлын барилдаан бол хэдийн жигдэрчээ.
Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурал аравдугаар сарын сүүлээр хуралдаж, Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн зарим заалтыг хэлэлцэж, мөрдөхөд илүү ойлгомжтой болгох зорилгоор холбогдох журмыг гаргасан. Энэ дүрмийг бөхчүүдийн заалны барилдаан шил дараалан болж байгаа энэ үеийг тааруулж сануулахын сацуу Үндэсний бөхийн холбооноос дүрмийг хатуу чанд мөрдөөсэй гэсэн хүлээлт байгааг уламжилъя.
МҮБХ бөхчүүдийн зүй бус авир, барилдааны үеэр гаргаж буй элдэв үйлдлийг дэврээхгүйн үүднээс Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7 дугаар зүйл буюу “Бөхийн цээр, зэм шийтгэл” хэсгийг онцлон хэлэлцэж, 7.3-ийн “Г” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор дараах журмыг гаргасан. Дээрх заалтад “Хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргахыг цээрлэнэ” гэсэн байдаг бөгөөд энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах, ноцтой гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд цалин, цолны хишиг, шагнал олгохгүй гэж заасан байсан юм.
Тэгвэл шинээр баталсан журмаар Дүрмийн 7.3-Г-д бөхийн цээрлэх хэсэгт заасан “Олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргах” гэдэгт дараах зүйлийг тооцохоор нарийвчилжээ.
Үүнд,
Заал танхимд, үзэгчдийн дунд өмсгөлөө өмсөж, соёлгүй байдал гаргах,
Барилдааны эхэнд үзэгчид, бөхчүүдээ үл хүндэтгэн жагсаж гарахгүй байх,
Цолтой бөхчүүд зориулалтын суудалд суухгүй байх,
Өрсөлдөгч бөхдөө болон засуул цэцдийн шаардлагын эсрэг заналхийлсэн үг (ална хядна, хохь чинь гэх мэт) хэлэх буюу тийм үйлдэл (гараа далайх, салаавч үзүүлэх гэх мэт) гаргах,
Бөхийн дэвжээ, наадмын талбайд болон олон нийтийн өмнө бүдүүлэг үг, хараал хэлэх,
Барилдаан захалсан үед учраа бөхөө илэрхий элдэн хөөж, хашлага болон саад болох зүйл рүү зориуд мөргүүлэх,
Өмсгөлөө бүрэн гүйцэд хэрэглээгүй буюу өмсгөлийн стандарт хангаагүй байх, энэ талаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байх,
Барилдааныг түр зогсоох үед зориуд мэх хийх,
Шаардлагагүй үед эмч рүү дахин дахин очих, зөвшөөрөлгүйгээр барилдаанаас завсарлага авах (амрах, цай, ус, ундаа уух гэх мэт) гэхчлэн нарийвчлан зааж өгсөн байгаа.
Эндээс харахад, дээрх заалтууд орчин цагийн бөхчүүдийн хээвнэг, бүр огтхон ч санаа зовохгүйгээр гаргадаг үйлдэл болоод уджээ. Энэ журам гарснаас хойш ч гэсэн аймаг, цэргийн барилдаан, саяын Улс тунхагласны ойн барилдаанд ч хэд хэдэн бөх санаатайгаар дээрх үйлдлийг гаргаж харагдсан. Аймгийн начин Ё.Улсболд саяхны нэгэн барилдаанд өрсөлдөгч бөхөө зандарч, цохиж авсан нь ялангуяа аймаг, цэргийн цолтой, залуу бөхчүүдийн ааш авир хэр хэмжээнд хүрч эвдэрснийг харуулсан явдал байлаа. Цолны хүндэтгэл гэж зүйл залуусын ухамсарт бараг үгүй болжээ.
Өөрсдөө нэгэнт ийм хачин авиртай болсон болохоор бөхийн дэвжээ, наадмын талбайд болон олон нийтийн өмнө бүдүүлэг үг, хараал хэлж, барилдаан захалсан үед учраа бөхөө илэрхий элдэн хөөж, хашлага болон саад болох зүйл рүү зориуд мөргүүлж байгаа бөхчүүдийн нэгийг ч алгасалгүй хариуцлага тооцох нь зөв.
Одоогоор МҮБХ дээрх журмыг өөрчилснөөсөө хойш хэн нэгэн бөхөд ямар нэгэн хариуцлага хүлээлгэлээ гэж мэдэгдээгүй байгаа ч хэд хэдэн бөхөд сануулга өгөхөөр тохиолдол гарсныг журмаараа шийдвэрлэнэ гэж найдаж байна. Журмаар эдгээр үйлдлийг гаргасан бөхчүүдийг олон нийтийн өмнө жудаггүй зан авир үзүүлсэн гэж үзэх ба тухайн бөхийг дүрмийн дагуу хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх ёстой.
Барилдаан үзэж, баясаж цэнгэхээр ирсэн хүмүүсийг айж, цочтол авирладаг бөхчүүдийн хариуцлагын талаар үзэгчид өөрсдөө ч гомдол гарган, Бөхийн холбоонд хандахад ч буруудах зүйл байхгүй.
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ