Цэцэ: Та нар битгий кино хийгээрэй


(“Хоёр гүүрний цаана” УСК-ны нээлтээс )

 

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 15нд “Тэнгис” кино театрт албан ёсоор нээлтээ хийсэн “Хоёр гүүрний цаана” уран сайхны киноны нээлтийн үйл ажиллагааны сонин сайхнаас уншигч тантай хуваалцая. Тус кино нь TJ ENtertainment, New world production, Dot studio-ийн бүтээл бөгөөд зохиолч, найруулагчаар “Аав” киноны зохиолч, найруулагч М.Энхдалай ажилласан байна. Мөн продюссераар рэппэр Цэцэ буюу Н.Цэцэнбилэг, Г.Баярмагнай нар ажиллажээ. Рэппэр Цэцэ-гийн хувьд түүний анхны дэлгэцийн бүтээлд тоглосон явдал болсныг тэрбээр өөрөө хэлж байлаа. Мөн бусад гол дүрүүдэд МУГЖ Д.Гүрсэд, МУСТА Б.Баатархүү, А.Хандмаа нар тогложээ. 

 

Хариу нэхээгүй тус, хүний сайхан сэтгэлийн тухай өгүүлэх тус кинонд хичнээн мөнгө төгрөг, тансаг зүйлсээр хүрээлүүлэн байлаа ч бие биенээ гэсэн хайр халамж байхгүй бол тэр сэтгэлийн гал унтран өөр замыг сонгоход хүрдэг гэсэн өгүүлэмжийг тун ч сайн гаргасан байсныг энд дурдмаар байна. 

 

Цэцэ-гийн хувьд анхны дэлгэцийн бүтээлийн гол дүрд ажилласан гэхэд үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авч байгаа харагдана лээ. Тэрбээр “Кинонд тоглох нь дуулахаас хавьгүй хэцүү зүйл байна, та нарт л гэж хэлэхэд кино битгий хийгээрэй” хэмээн нээлтийн үйл ажиллагааны бяцхан хошигнож, цугласан үзэгчдээ инээлгээд авсан. Муухан жүжигчдээс дутахааргүй 90 минутын туршид гол дүрийнхээ эзэн нь байж чадсан түүнийг та бүхэн ч бас дэлгэцээс харж болох юм.Харин МУГЖ Д.Гүрсэд бол өдгөө дэлгэцийн урлагийн “шонхор”-уудын нэг. Ямар ч дүрийг чадварлаг бүтээдэг гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө. Гол дүрийн эмэгтэй жүжигчин А.Хандмаа СУИС-н шинэхэн төгсөгч бөгөөд түүний хувьд ч энэ кино анхны кино нь байсан гэнэ. Түүний хувьд ч мөн өөрийн оногдсон дүрдээ “муугүй” ажилласан гэж дүгнэгдсэн. Харин МУСТА Б.Баатархүү киног хөгжөөсөн, үг, үйлдэл бүр нь үзэгчдийг инээлгэсэн дүрд тогложээ. За ингээд киноны тухай дэлгэрэнгүй агуулгыг нэг бүрчлэн бичээд яахав, үзэгч та бүхэн инээдмийн, драм төрлийн энэхүү киног үзэхээ мартуузай. 

 

PAPARATSI.MN