Монголчууд модоо бариагүйн баталгаа буюу сарын цалингаа шинэ жилийн баярт хийсгэж буй үзэгдлээс...


Монголчууд хямарлаа, модоо барилаа, энэ хэцүү үед юмны үнэ хөөрөгдлөө, буцаад буулаа гэх мэдээлэл таны алхсан газар бүрт чих дэлсэнэ гээд биччихвэл нэг их хилсдэхгүй л болов уу. Ямарваа нэгэн баяр ёслолын чимээ сонсоод л хармаан дах мөнгөө тэмтэрч эхэлдэг манай Монголчууд ямар ч баяр ёслолыг алгасахгүйгээр ууж, идэж чаддаг. Гэхдээ тодорхой хэмжээнд цензуртэй хандахгүй бол аль алийгаа дэндүүлчих гээд байдаг нэг дулимаг талтай. 

 

Хамгийн энгийн жишээ бол Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олон “Дүүргийн эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг бүхий л салбарын хүрээнд хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулахад бүртгэлээр тавих хяналтыг өндөржүүлж, төрийн сангийн шуурхай үйлчилгээг бий болгож санхүүгийн үр дүнгийн тайлагналыг ил тод болгоход эрхэм зорилго оршино” гэсэн тодотголтой тус хамт олон тухайн дүүргийнхээ сургууль, өрхийн эмнэлэг, цэцэрлэгийн нярав болон нягтлангуудаас тус бүрийн 120 мянган төгрөг хураан авч шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байгаа гэнэ. Гэтэл, энэхүү ажилчдын цалин дунджаар 416 мянга, элдэв суутгал шимтгэлээ хураалгаад 350 гаруйхан төгрөгийг сардаа 2 хувааж гар дээрээ авдаг бөгөөд бараг тал сарынхаа цалинг ганцхан өдрийн хэдхэн цагийн үйл ажиллагаанд “хийсгэх” болж байгаа биз? 

 

Аливаа тэмдэглэлт үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж болно оо, гэхдээ манайхан шиг ийм бага цалинтай хүмүүс тал сарынхаа цалинг ганцхан өдрийн үйл ажиллагаанд зориулчихаад бас дээрээс нь өмсөж зүүх, үс гэзгээ янзлах гээд гоёж гоодохдоо үүнээсээ ч илүү мөнгө зарцуулах нь мэдээж.

 

Эсвэл тухайн дүүргийн ажилчид нь бүгдээрээ гар дээрээ бага цалин авдаг ч гэр бүлийн хувьд мөнгөөр гачигдахгүй амьдралтай байна гэдэг юу л бол. Ер нь ихэнхи албан газрууд дунджаар 50-60 мянган төгрөгний хооронд жил бүр хураамж аван баяр ёслолоо тэмдэглэдэг. Яахав, үнэхээр томоохон албан газар бол энэ зэргийн мөнгөнд ажилчид гороохгүй л байх. Бусад албан газар, аж ахуй нэгжүүд ч бас төсөв мөнгөө зөв тодорхойлж, чиг шугмаа баримтлахгүй бол

 

“Баярын маргааш ч дахиад л амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ ээ” гэдгийг санаарай.