Далай лам залран ирсэний дараа Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хурал Бээжингийн санаачилгаар хойшлогдсон. Үүний дараа Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-наас БНХАУ-д айлчлал хийх байсныг мөн хойшлууллаа. Их хурлын гишүүд бас л ажлаар очих байсан нь цуцлагдсан бол Хятадын Төв банкны даргатай уулзах Монголбанкны ерөнхийлөгчийн ажлын айлчлал хойшлогджээ. Хойшлуулсан шалтгаан нь Дээрхийн гэгээн XIV Далай лам айлчлаад буцсантай холбоотой гэж хүмүүс үзэж байсан. Учир нь Далай ламын айлчлалыг эсэргүүцэж Хятадын талаас хоёр ч удаа Засгийн газарт шаардлага хүргүүлж, тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан мэдэгдэл гаргасан юм. Лхагва гарагт БНХАУ-ын гадаад хэргийн яам гадаад, дотоодын сэтгүүлч нарт ээлжит мэдээлэл хийхдээ бүх зүйл Далай ламын айлчлалыг Монгол тал хүлээн авсанаас болсон гэдгийг тодорхой мэдэгджээ. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэсэн байна.
NUUTS.mn