Утааг устгах нэрийдлээр “идсэн” 93,2 тэрбум төгрөг тань багадаад байна уу, дарга нар аа!


Хүйтний улирал хаяанд ирж, Улаанбаатарчуудад утааны асуудал тулгардгаараа тулгарлаа. Уламжлал ёсоор гэдэг шиг “Утаатай тэмцэх” нэрийдлээр Улаанбаатарын удирдлагууд ээлжит “үлгэр”-ийн төслөө боловсруулаад төсөв баталсан сурагтай. Өнгөрсөн жилүүдэд утаагүй түлш, утаагүй зуух зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан ч утаа багассангүй.

 

Харин энэ жил хотын дарга С.Батболд утаатай хэрхэн тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулав. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй хот-2030" төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан.

 

Тухайлбал, өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлэх, олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлэх, шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Нөгөө л улиг болсон, үр дүнгээ өгдөггүй төсөл хөтөлбөрүүд яг л хэвээрээ.

 

Түүгээр үл барам “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) гэгчийг байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн байна. Сан байгуулаад үр дүн сайжирдаг бол сайжрах цаг болсон. Даанч бодит амьдрал дээр эсрэгээрээ. Баримт дурдъя. Өмнө нь буюу 2011 онд “Цэвэр агаар сан” гээчийг байгуулж, улсын төсвөөс 93.2 тэрбум төгрөг аван агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулсан байдаг..

 

Энэхүү сан байгуулагдсанаар хэд хэдэн аж ахуйн нэгжийн дансыг түнтийлгэхээс гадна эцэстээ буюу 2013 оны долдугаар сард Авлигатай тэмцэх газраас “Цэвэр агаар сан”-гийн 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

 

Тэд “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс нийт 1.931.519.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон. Тодруулбал, “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100.000.000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240.000.000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар тус тус гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байдаг.


Үүнээс харахад ямар ч ашиггүй нэг санг татвар төлөгчдийн мөнгөөр тансаглуулсан байх юм. Ийм байтал энэ жил НАББС гээчийг дахин байгуулж, таван тэрбум төгрөгийг төсвөөс төсөвлөснийг эх сурвалж мэдээлж байна. Та бидний төлсөн татварын 93,2 тэрбум төгрөгөөр тансагласан дарга нарын шунал дуусаагүй бололтой. Эдийн засаг хямралтай энэ цаг үед утааг бууруулах нэрийдлээр тавын таван тэрбум төгрөгийг төсөвлөөд амжчихаж, цаад дарга нар чинь.

 

С.Баяр


Эх сурвалж: Breakingnews.mn