Монголчууд сүүлийн хэдэн жилийг сонгуулийн өмнөх бэлтгэл, сонгуулийн өдөр, сонгуулийн дараах маргаан гэсэн гурван дамжлагаар өнгөрөөдөг болсон гэхэд хилсдэхгүй.

 

УИХ-ын сонгууль болж шинэ парламент байгуулагдаад 100 хоног нь өнгөрсөн ч сонгуулийн дараах маргаан ордонд өрнөсөөр, албан тушаалын томилгоо нь ч дуусаагүй байгаа. Тэгвэл үүнтэй шил даран болсон орон нутгийн сонгууль дуулиан шуугианаараа УИХ-ын сонгуулиас ч илүү гарахаар өрнөж байна.

 

Өнгөрсөн сарын 19-ний өдөр болсон Сум дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулиар нийслэлийн хамгийн их иргэдтэй Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан. Тодруулбал ИТХ-ын 41 суудлаас АН 22, МАН 19  суудал авсан боловч дүүргийн сонгуулийн хорооны дарга нь АН-ын зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулсан байна. Ингэснээр АН 16, харин МАН 19 суудал авсан болж хэрүүл маргаан дэгдэж эхэлжээ.

 

     АН жагсаал цуглаан хийж, эцэстээ хоёр тал маргалдан шүүхдэж байгаа. Өөрсдийгөө олонх хэмээн мугуйдлан зүтгэх хоёр намын сонгогдсон төлөөлөгчид тус тусдаа Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж Ардчилсан намын төлөөлөгчид ИТХ-ын даргаараа Ш.Ганчимэгийг сонгож, улмаар дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилуулахаар санал нэгдсэн бол МАН-ынхан мөн л энэ сарын 03-ны өдөр дүүргийн анхдугаар хуралдаанаа АН-ын оролцоогүй зохион байгуулж ИТХ-ын даргаар Г.Атармааг сонгон, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилуулахаар Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр болсон байна.

 

Мэдээж хэрэг Нийслэлийн Засаг дарга Су. Батболд хоёр Засаг дарга томилохгүй нь ойлгомжтой. Ингээд эцэс төгсгөлгүй шүүхийн маргаан болж Баянзүрх дүүрэг хэдэн сараар ч хууль ёсны Засаг даргагүй  байхыг үгүйсгэх аргагүй.

 

Хос Засаг дарга, хос ИТХ-ын хуурамбаа дарга нартай тус дүүргийн иргэд л энэ хугацаанд эзэнгүй мэт хамаг ажил нь цалгардан зовох нь дээ.

 

Нэртэйгээр нь дүүргээ хоёр хуваачихаад энэ нь улаан тал, нөгөөх нь цэнхэр тал гээд дундуур нь дээс татчихмаар юм.

 

POLITIK.MN