Төрийн байгууллагын “хэлгүй” сайтууд


-Шилэн, онлайн гэдэг үгийг бид нэг л их хэрэглэдэг болсон мөртлөө хэлбэр төдий л баахан хаягтай болсон харагдана- 


Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, яам, агентлаг, цаашилбал төрийн бүх байгууллагууд цахим хаягтай. Улаанбаатар хот, хотын харьяанд байдаг бүх газрууд, эмнэлэг, Онцгой байдал, цахилгаан станц, ер нь цахим хаяггүй хувийн ч, хувьсгалын ч байгууллага одоо бараг үгүй байх. Гэтэл байгууллагынх нь нүүр царай, ажлынх нь үр дүн болсон цахим хуудсуудыг манай төрийн байгууллагууд яагаад ч юм ашиглах сонирхолгүй нь харагддаг.

 

Бүгд шилэн данс хөтөлье гэсэн. Яасан? Ихэнх төрийн байгууллага, яамдууд нэг хоёрхон удаа нэр төдий мэдээлэл хийгээд алга болсон. Яамдууд байна. Албан тушаалтнуудынх нь нэр, байгууллагынх нь бүтцийн мэдээлэл хэдэн жилийн өмнө оруулсан нь мэдэгдэхгүй, тодорхойгүй, шинэчлэгдэхгүй. Онлайнаар, хамгийн хялбар аргаар, үр дүнтэйгээр хүмүүст хүргэж, түгээж болох мэдээллүүдээ хав дараад нуучихдаг. Гадаад ертөнц, дэлхий нийттэй холбох хамгийн том нээлттэй хаалга гэдэг тухай бол бүр ч боддоггүй байх. Дээр нь байгууллагын вэб сайт хөтлөлтийн наад захын соёлгүй. Өдрийн од шиг гялтайсан зарим мэдээ нь агуулгын болон үг үсгийн алдаа ихтэй байх тохиолдлыг төрийн том байгууллагын олон нийтэд зориулсан цахим хуудаснаас харж болно. Яам болгон, бараг газар, хэлтэс бүхэн Хэвлэлийн төлөөлөгчтэй, зарим нь бүр хэвлэлийн албатай байдаг болсон гэхэд цахим хуудсууд нь “амьд биш” байна гэдэг харамсалтай.

 

Анзаарахад, сүүлийн үед төрийн, төрийн бус бүх л газрууд фэйсбүүк, твийтерт өөрсдийн хаяг, хуудас нээж, түүнийгээ олон  нийттэй харилцах арга гэж ойлгодог бололтой. Гэхдээ энэ бол байгууллагыг төлөөлөх хаяг биш олон нийтийн сүлжээ гэдгийг ялгаж салгах шаардлагатай. Ялангуяа төрийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг албаны хаягаар хөтлөх нь зөв байх.

 

Олон нийтэд танигдсан, гадаад дотоод байгууллагууд хандаж, мэдээлэл авч хэвшсэн вэб сайтуудыг нам, засаг өөрчлөгдөхийн тоогоор дагаж өөрчлөх хэрэг байна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас буюу www.president.mn сайт одоогийн хамгийн сайн хөтлөлт, агууламж, мэдээлэл, зураг сайтай албаны хаяг гэж харагддаг. Энд мэдээллийг монгол, англи хэлээр, мөн монгол бичгээр давхар хүргэдэг нь хамгийн том давуу тал нь.

 

Засгийн газрын мэдээллийг хүргэдэг www.zasag.mn болон Улсын Их хурлын албан ёсны хаяг болох open-parliament.mn сайт хэлбэр, дизайн, хүртээмж, бүтэцийн хувьд маш боломжийн, хэвлэлийнхэн ч, иргэд ч эх сурвалжаа болгон мэдээлэл авахад ойлгомжтой байсан ч шинэ Засгийн газар байгуулагдаж, шинэ Их хурал бүрдсэн биш бүх зүйл нь өөрчлөгдсөн.

 

МАН олинхи болсон энэ удаагийн Их хурал долдугаар сараас хойш www.open.parliament.mn гэсэн урьдах УИХ-ын хаягийг хэрэглэхээ больж, өмнө нь давхар хөтөлдөг байсан www.parliament.mn хаягийг ашигладаг болжээ. Засгийн газрын www.zasag.mn сайт ч бас бүтэц, дизайнаа өөрчилсөн нь өмнөхөөсөө дордсон мэт.

 

Ер нь ингэж олон нийтэд танигдсан, гадаад дотоод байгууллагууд хандаж, мэдээлэл авч хэвшсэн вэб сайтуудыг нам, засаг өөрчлөгдөхийн тоогоор дагаж өөрчлөх хэрэг байдаг ч юм уу. Доторх мэдээлэл, зургийг нэмж шинэчлээд явбал болох биш үү.

 

Нийслэлийн мэдээллийг хүргэдэг www.ulaanbaatar.mn сайт бол өнгөрсөн дөрвөн жилд хамгийн сайн ажилласан, маш ойлгомжтой, хэрэглэхэд таатай цахим хаяг. Энэ сайтыг хөл дээр нь босгосон хэвлэлийн багийнхныг хэрэглэгчид үнэлдэг байх. Ашгүй, сайтын өнгө, хэлбэрийг өөрчлөөгүй байгаа ч мэдээллийн агуулга нь муудсаныг нийслэлийн хэвлэлийн албаныханд нөхөрсөгөөр зөвлөмөөр байна.

 

Байгууллагын цахим хаяг гэдэг бол уг нь тэр ажлын, хамт олны, цаашлаад салбарынх нь хамгийн бодит, итгэл үнэмшил төрүүлэх мэдээллийн анхны эх сурвалж. Гэтэл Шилэн, онлайн гэдэг үгийг бид нэг л их хэрэглэдэг болсон мөртлөө хэлбэр төдий л баахан хаягтай болсон харагдана. 

 

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN