Английн хатан хааны гэр бүлийн шинэ нүүр царай Америкийн жүжигчин бүсгүй


Английн ханхүү Харри Америкийн жүжигчин Меган Марклтай үерхэж эхэлжээ. Тэдний тухай Британийн томоохон хэвлэлүүд бичиж байгаа бөгөөд хосууд харилцаагаа нууцлахыг хичээж байна гэж тайлбарласан байна.

35 настай Меган Маркл 2002 оноос хойш 30 орчим кинонд дүр бүтээсний дийлэнх нь олон ангит кино юм. Түүний хамгийн алдартай цуврал нь "Suits" кино. Тэрбээр тус кинонд Рэчил Зэйний дүрийг бүтээдэг. Уг цуврал 2011 оноос хойш үзэгчдэд хүрч байгаа.

 

Меган Маркл кинонд жүжиглэхийн сацуу олон улсын хандив тусламжийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг нэгэн аж. Канад улсын Дэлхийн зөн байгууллагын элч төлөөлөгчөөр ажилладаг. Олон улсын хурал чуулганд хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэх асуудлаар хэд хэдэн удаа илтгэл тавьж байжээ. 

Боловсрол өндөр, нийгмийн идэвхтэй жүжигчин бүсгүйг Английн хэвлэлүүд Харригийн гэргий болж, Английн хатан хааны гэр бүлийн нэгэн нүүр царай болоход асуудалгүй гэжээ.

 

Меган Маркл продюссер Трэвон Энгелсонтой 2004 оноос хойш үерхэж, 2011 оны есдүгээр сард хуримаа хийсэн юм. Гэвч тэд 2013 оны наймдугаар сард хоёр тийш болжээ.

Харин Харритай өнгөрсөн зунаас хойш холбоотой болсон гэж шар хэвлэлүүдэд бичиж байна. Меган Маркл одоо Торонто хот дахь гэртээ амьдарч байгаа аж.