О.Доржсүрэн: Зээ охиноо салхилуулаад зогсож байлаа, гэтэл...


-Зээгээ салхилууж байсан өвөөг хүүхдээ зарах гэж байна гэж гүтгэжээ-


Зарим цахим хэрэглэгчид ялангуяа твиттер, фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчид хэн нэгэн иргэний зургийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд цацаж, улмаар гүтгэн доромжлох явдал байсхийгээд гардаг. Үүний нэг жишээ нь, "Хүүхдээ нэг шил архиар зарна гэв үү" хэмээсэн гарчигтай, нялх хүүхэд тэвэрсэн ахимаг насны эрэгтэйн зураг бүхий мэдээлэл юм.

 

Энэ мэдээллийг нэгэн цахим хэрэглэгч өчигдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Үүний дараагаар тус зургийг зарим мэдээллийн сайтууд эх сурвалжийг нь нягтлалгүйгээр нийтэлж, олон нийтэд түгээсэн байв. Тэгвэл тухайн зураг бүхий мэдээлэл ор үндэслэлгүй бөгөөд мэдээлэл нийтлэгдсэний дараа хүүхдийн аав ээж рүү янз бүрийн хүмүүс утсаар холбогдож, асууж лавлах болсон байна. 


Тэд гэмт хэргийн шинжтэй худал мэдээлэл тараасан эх сурвалжийг олж, шалгуулахаар харъяа цагдаагийн байгууллагадаа ханджээ. 


Тиймээс тэд гэмт хэргийн шинжтэй худал мэдээлэл тараасан эх сурвалжийг олж, шалгуулахаар харъяа цагдаагийн байгууллагадаа ханджээ. 

 

Зураг дээр хүүхэд "сугавчилсан" эрэгтэйг О.Доржсүрэн гэдэг бөгөөд /70 настай/ долоон сар гарантай зээгээ /төрсөн охиных нь охин/ салхилуулаад зогсож байсан гэнэ.

 

Энэ талаар түүнээс тодруулахад "Манай охин дэлгүүр ажиллуулдаг юм. Тэр өдөр дэлгүүрт нэлээд халуун байхаар нь зээ охиноо аваад салхинд гарч зогсож байсан юм. Миний хувьд сугавчилсан байсан нь бусдад эвгүй харагдсан байж магадгүй юм. Тухайн үед надаас хэн нэгэн ирж тэр талаар асууж лавлаагүй. Гэтэл орой гэртээ иртэл "Таныг архиар хүүхэд зарах гэж байна гэх мэдээлэл явж байна" гэж охин маань хэлсэн. Би их гайхсан. Эвгүй юм билээ" хэмээв.

 

 

Харин охины ээж Д.Дэлгэрмөрөн "Манай аав одоо 70 гарч байгаа хүн. Миний жаахан охиныг дэлгүүрийнхээ үүдэнд салхилуулаад зогсож байсан. Гэтэл зургийг зөвшөөрөлгүйгээр авч, нийтэлсэн байна. Манай аав архи уудаггүй. Бас 40 гаруй настай ч хүн биш. Тиймээс бид хуулийн байгууллагад хандаж, шалгуулж байгаа. Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу ташаа мэдээллийг нягталсны дараа үнэн бодитойгоор хүмүүст хүргэж байгаасай гэж хүсч байна. Андуу мэдээлэл тарснаас болоод биднийг таньж мэддэг хүмүүс, хамаатан саднууд маань утасдаж "Юу болж байна, яав аа" гэж байнга асууж байна. Аав маань энэ явдлаас болоод их "шоконд орсон байгаа" хэмээн ярилаа.

 

Ингээд тэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээр дамжин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвтэй хамтран олон нийтэд залруулга мэдээлэл хийхээр шийдэж, өнөөдөр ийнхүү хэвлэлийн бага хурал хийсэн байна.

 

-Нялх хүүхдийг шил архиар солих гэж байна гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл-

 

Хурлын үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн "2016 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гэв үү” гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн. Гэмт хэргийн шинжтэй уг мэдээлэл дээр цагдаагийн байгууллагын албан хаагчид түргэн шуурхай ажиллагаа зохион байгуулж, тухайн мэдээллийг тараасан болон мэдээлэлд дурдагдсан иргэнийг хайх, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Тухайн мэдээлэлд дурдагдсан  иргэд мөн цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Нялх хүүхдийг шил архиар солих гэж байна гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, тухайн мэдээллийг тараасан иргэн, мэдээллийн сайтуудад арга хэмжээ авч ажиллана. Мэдээллийг анх тараасан этгээдийг хайх ажиллагаа явагдаж байгаа.

 

Энэ хэрэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлээр хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар материалжуулан ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.

 

 -Баталгаагүй мэдээллээр бусдыг онц ноцтой гэмт хэрэгтэн болгож орхилоо-


Өнөөдрийн хэвлэлийн хуралд охины ээж Д.Дэлгэрмөрөнгийн хамаатны ах С.Гантөмөр хэмээх лам ирсэн байв. Тэрээр "Түр зуурын ийм андуу ташаа мэдээллээс болж, энэ айл гэрт маань маш их сэтгэл санааны дарамт учраад байна. Таньж мэддэг бүх л хүмүүс нь "Энэ одоо юу болж байна аа, яаж байна" зэргээр шалгаах болсон. Амар тайван байсан гэр бүлийг нэг л өдрийн дотор тавгүй болчихож байна. Тиймээс мэдээллийн хэрэгслийг иргэд маань ухамсартай, соёлтой ашиглаж баймаар байна. Түүнээс биш өөрийнхөө нүдэнд эвгүй харагдсан бүхнийнхээ зургийг авч, гоочлох нь зүйд нийцэхгүй шүү дээ.

 

Ямар ч эх сурвалж, баталгаагүй мэдээллээр бусдыг онц ноцтой гэмт хэрэгтэн болгож орхилоо.

 

Хамгийн гол нь ямар ч эх сурвалж, баталгаагүй мэдээллээр бусдыг онц ноцтой гэмт хэрэгтэн болгож орхилоо. Тэр дундаа хүний наймаа, хүүхэд худалддаг хүн болгож, зарлалаа шүү дээ. Ямар ч эцэг хүн хүүхдээ нэг шил архиар зарахгүй. Гэтэл ганцхан шил архинаас хүүхдээ зарах гэж байгаа мэт аймшигт гүтгэлэгээр нийгмийг цочроолоо. Мэдээллийн сайтууд ийм асуудалд болгоомжтой, хариуцлагатай хандах хэрэгтэй. Дэлхий дахинд цацагдаж байгаа мэдээлэл шүү дээ. Үүний цаана олон хүний амьдрал, хүний эрх яригдаж байдгийг анхаарах хэрэгтэй байна" хэмээсэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN