Ээж аавынхаа, эхнэрийнхээ нэр дээр оффшорт мөнгөө нуусан улстөрчтэй хариуцлага тооцохгүй хууль хэрэгтэй юу, С.Бямбацогт сайд аа!


Яадаг ч байсан эрх баригчид оффшорт нуугдагсдын толгойг илдэг жишгээрээ явах юм байна гэдгийг Хууль зүйн сайдын ярианаас харж болохоор байна. Түүний хэлж ярьж байгаагаар бол төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчид гэр бүлийнхнийхээ нэр дээр орлого мөнгөө оффшорт нуучихсан байхад илэрч баригдтал бас ч гэж зай байх юм байна гэж ойлголоо.

 

Ер нь бол манай эрх мэдэлтнүүдийн хувьд оффшор тийш хөрөнгө мөнгөө зөөгөөд, тэнд нутагшуулаад, дотоодын эдийн засгаасаа холдуулаад удсан гэдэг нь оффшорт холбогдсон улстөрчдийн мэдээллээс ойлгогдож байгаа. Түмнийг төрд төлөөлж байгаа эрхмүүд оффшор бүсэд нуугдаад байх нь ёсзүйн хувьд зохимжтой зүйл биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тиймээс ч эрх баригчид ер нь өөрсдөө оффшортой холбоотой асуудлыг зохицуулахад бэлэн байгаа юу, чадах уу гэдэг асуулт хариулт нэхэж өдийг хүрч байгаа. Өнгөрсөн сард засгийн хуралдаанаар оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой  төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлээд байгаагаа мэдээлсэн.  

 

Засгийн албан мэдээнд энэ талаар өгүүлэхдээ “Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Иймээс Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулах зэргийг хориглох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгасан. Хууль батлагдсанаар төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг, хариуцлага нэмэгдэж, иргэд, бизнесийнхэн төр, төрийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзлээ.” гээд байсан.

 

За харин  Хууль зүй дотоод хэргийн сайд хэлж ярьснаар бол Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын гэр бүлийнхэн оффшор бүсэд данс нээлгэж, мөнгө байршуулж, компани байгуулах нь хэр зохимжтой вэ гэдэг асуудлыг хуулиар зохицуулахгүй бололтой байна. С.Бямбацогт хэлэхдээ “Хуулийн төсөл боловсруулах явцад яг энэ асуудал хөндөгдсөн. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу аливаа хуулийн төсөлд тавигдах хамгийн эхний суурь шаардлага бол Үндсэн хуульд нийцсэн, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалттай нягт уялдсан байх явдал. Төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийнх нь Үндсэн хууль, Хүний эрхийн конвенциор хамгаалагдсан үндсэн эрхийг хязгаарлах боломж Үндсэн хуулиар хаалттай байгаа юм. Харин тухайн албан хаагч гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг ашиглан оффшор бүсэд данс эзэмшсэн, компани байгуулсан асуудлын цаана ямарваа нэг гэмт хэрэг, зөрчлийн шинж агуулагдаж байвал холбогдох хуульд заасны дагуу Эрүүгийн хууль, бусад хуулиар хариуцлага тооцох бүрэн боломж нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө нэрийг хаацайлж, өрөөлийн нэр дээр хулгайгаа нуух боломж хуулиар байхгүй гэсэн үг.” гэжээ.

 

Тэгэхээр нэгэнтээ хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын гэр бүлийнхэнд оффшорт данстай байх,орлого мөнгөө нуух боломж олгочих юм бол тэр мөнгийг нь хэн нэгэн улстөрч хулгайгаар гэрийнхнийхээ нэр дээр нуулгуулсан гэж үзэх ямар үндэслэл байж болох вэ? Хоёрын хооронд гурвын дунд ийм шийдвэр гаргаж, нэг л их оффшортой тэмцдэг баатрууд болж жүжиглэх ямар шаардлага байна вэ?

 

Эх сурвалж: Шуурхай.мн