Улсын начин Б.Сугаржаргал бааранд нэгэн эмэгтэйг нөхрийн хамт шалтгаангүй зодсоноос эхнэр нь нүүрэндээ бэртэл авсан. Нөхөр нь мөн гэмтсэн ч тухайн үедээ гомдол гаргалгүй өнгөрсөн. Энэ тухай тэрээр “...ах, эхнэр бид 3 караокены 00-ын өрөөнд юм яриад зогсож байхад махлаг том биетэй өндөр залуу ирээд 00-ын хаалга гараараа тэгнээд зогсоод байсан, тэгснээ миний нүүр лүү гараараа цохиж унагасан, тэгэхээр нь эхнэр “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь эхнэрийг бас цохьсон. Эхнэрийн маань нүүр лүү гараараа нэг удаа цохьсон байх. ...Бид 3 тэр залуутай юу ч яриагүй ээ, шууд л намайг цохьсон, дараа нь эхнэрийг цохьсон, одоо миний толгой тархи, нуруугаар дагаж өвдөөд байгаа, тухайн үед би мөнгөний боломжгүй байдлаас болоод шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй...” гэжээ. Начин тухайн үед согтуу байсан нь тогтоогдсон.
Харин хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх Б.Сугаржаргалд нэг жилийн тэнсэн харгалзах ял өгсөн. Харин үүнийг нь хохирогч эсэргүүцсэн байна. Тэрээр “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэн үзэж байгаа хэдий ч хохирол бүрэн барагдсан гэдэгт санал нэгдэхгүй байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Өмнө нь би эрүүл саруул хамар, шүдтэй, ямар нэг өвчин зовиургүй, гоо сайхны хувьд гэмтэл согоггүй байсан.
Шүүхээс эхлээд эмчлүүлээд гарсан мөнгийг нэхэмжил гэж байгаа. Би бага насны дөрвөн хүүхэдтэй. Үндсэн ажлын хажуугаар цагийн ажил хийж амьдрлаа залгуулдаг байсан. Гэмтэл авснаас болж цагийн ажлаасаа гарсан. Өөрөө мөнгөө гаргаад эмчлүүлэх ямар ч боломжгүй. Хэрэв энэ хүн л эмчилж янзалж өгөхгүй бол 30 настайгаасаа цөмөрхий, муруй хамартай, үүдэн шүдгүй эмэгтэй болж үлдэх гээд байна. Мөн цагийн ажил болон үндсэн ажлын дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнийг төлөөгүй байхад хохирол төлбөр бүрэн барагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. Улсын яллагч ч хохирогчийг дэмжиж “...Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөр төлөгдөөгүй, хохирогч маш их гомдолтой байсан. Яагаад хохирол төлбөр бүрэн барагдсан гэж шийтгэх тогтоолд заасныг ойлгохгүй байна” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх Б.Сугаржаргалд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан “…гэм хорыг арилгасан…” гэсэн заалтыг зөв хэрэгжүүлээгүй буюу гэм хор нь арилаагүй байхад гэм буруутай этгээдэд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь буруу гэж үзээд хэргийг прокурорын хяналтанд буцаажээ.
НУУЦ.мн