“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар М.Энхболдын хүн томилогдоно


Үеийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эрх баригч намын “Бодлогын хүн” очдог байсан. Тухайлбал, Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ өөрийн дотнын хүн Ч.Ганзоригийг мэдлэг боловсрол, үйлдвэр, худалдааны салбарт ажилласан туршлагаар нь онцлон “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилж байсан. Ц.Элбэгдоржийн хувьд сонгуулийнхаа Ерөнхий менежерээр ажилласан итгэлт хүн Д.Дорлигжавыг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилж байсан. Улстөрчид хэдийгээр шууд томилох эрх мэдэл бүхий албан тушаалтан биш хэдий ч томилгоонд хамгийн нөлөө үзүүлдэг билээ.

 

Тэгвэл энэ удаа “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлын албан тушаалд УИХ-ын дарга М.Энхболдын хүн очих нь хэн хүнд тодорхой байгаа юм. Тус үйлдвэрийн ТУЗ-ийн ээлжит хурал тун удахгүй хуралдаж, гүйцэтгэх захирлын нэрийг зарлана. Харин хэн гүйцэтгэх захирлаар томилогдох вэ гэдэг нь аль хэдийнэ тодорчихсон болохын өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдэгдлээс илэрхий болсон.

 

Ж.Эрдэнэбат "Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлыг өнөө, маргаашгүй томилно. Ажлын туршлага, мэргэжил зэрэг шалгуурыг харгалзан гүйцэтгэх захирлын томилгоог явуулна. Хэн томилогдохыг сонгогдсон хойно нь хараарай” гэх мэдэгдлийг хийсэн. Тэгвэл “Эрдэнэт”-ийн шинэ захирлаар М.Энхболдын хамгийн дотны хамтрагч Т.Бадамжунайгийн нэр дуулдаж байна. Энэ томилгоо хийгдэх нь баттай болсон бололтой. Т.Бадамжунай нь М.Энхболдыг хотын Засаг даргаар ажиллаж байх үед хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан. Түүнчлэн М.Энхболд, Т.Бадамжунай хоёр МАН-ын доторх хотын фракц гэгчийг тэргүүлдэг юм. 

 

Эх сурвалж: Zindaa.MN