-УРД ХӨРШӨӨС “МӨС” ГЭХ БОДИС ИХ ХЭМЖЭЭГЭЭР
ХИЛ НЭВТЭРСЭЭР БАЙНА-
Америк, Хятад тэргүүтэй дэлхийн томоохон улсуудад нэгэн аймшиг аюулын харанга дэлдсээр багагүй хугацаа өнгөрч байгаа талаар уншигчдадаа сэрэмжлүүлье. АНУ даяар “Флакка” хэмээх энэ шинэ хүчтэй мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа талаар мэдээллэсээр буй юм.
Тус мансууруулах бодисын нөлөөгөөр хүмүүс уйлж, уур хилэн нь бадарч, бүр олон нийтийн газар нүцгэлэн, элдвээр авирлах болжээ. Түүний үйлчлэлээр хүний биеийн халууны хэм 41-д хүрч нэмэгддэг тул бүхий л хувцсаа тайлж шидлэхээс өөр аргагүйд хүрдэг байна. Цаашлаад хүнийг дэмийрч, элийрч балайрахад хүргэж буй талаар “Василенко” эрүүл мэндийн төвийн цахим хуудаст мэдээллэжээ.
Флорида мужийн их сургуулийн Сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний судалгааны төвийн тархвар судлаач Жим Холл “Тэд хувцсаа урж тайчин, гудамжаар нүцгэн гүйж, өөрсдийгөө хянах чадваргүй болдог” хэмээн хэлжээ. Мөн тэрээр “Флакка” хэрэглэсэн этгээдийг баривчлахын тулд дөрөв, түүнээс ч илүү цагдаа хэрэгтэй болдог" гэсэн байна.
Энэхүү мансууруулах бодис нь химийн найрлагын хувьд “ванны давс”-тай төстэй. “Флакка” нь коккейн, амфетамин буюу метамфетамины гидрохлоридын холимог бодис ажээ. Амфетамин нь “клубын хар тамхи” гэдгээрээ алдартай. Энэ хар тамхийг хэрэглэсэн хүн ядрах, эцэж цуцахыг мэдрэхээ больдог байна.
Доктор Холлын хэлснээр, “Флакка” нь "Галька" гэх мансууруулах бодистой адил цагаан, ягаан болор мэт талст хэлбэртэй, маш хүчтэй бодис ажээ. АНУ-ын зах зээлд 0.1 грамм нь ердөө 4-5 ам.доллароор зарагддаг энэ бодис тус улсын иргэдийн дунд өргөн хэрэглээ болж буй нь Засгийн газрынх нь “толгойны өвчин” болж буй юм байна.
“Флакка” хэмээх энэхүү шинэ төрлийн хар тамхи хүнийг мансууруулах, тэр ч бүү хэл бүр зомби мэт болгон ухаан санааг нь самууруулдаг аж. Энэ хар тамхийг БНХАУ-д үйлдвэрлэжээ. 2013 оноос уг бодисыг хэрэглэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн баримт байдаг аж. Цагдаагийн тэмдэглэлд “Флакка” хэрэглэсэн таван хүний нэг нь галзуурсан гэж бичжээ.

-МОНГОЛД ИЙМ ТӨРЛИЙН ХАР ТАМХИ БҮРТГЭГДЭЭГҮЙ ГЭВ-
Анх 2015 онд Нью-Йорк хотод марихуантай төстэй үйлчилгээтэй флакка (ванны давс) хэмээх нийлэг мансууруулагч бодисоос үүдэн аймшигт хэрэг гарсныг “Youtube”-ээр цацжээ. Үүнээс хойш ”Флаккатай холбоотой бичлэг, хэргүүд нийтэд цацагдах болсон аж. Тус бодисыг хэрэглэсэн хүн өөрийн хяналтаа алдаж, элдэв гаж үйлдэл хийдэг байна.
АНУ-ын Флорида мужийн 19 настай Аустин Харриуф хэмээх оюутан залуу 53, 59 настай хос хоёрыг гэрт нь хөнөөгөөд, хохирогчийн нүүрийг идэж байсан нь олон нийтийг айдаст автуулжээ.
БНХАУ, Испани, Орос зэрэг олон оронд тус бодисыг хэрэглэн олон нийтийн газар өөрийн ухаангүйгээр танхайрах, элдэв гаж үйлдэл хийж, араатан мэт авирлах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.
“Флакка”-г хэрэглэсэн гэх Австрали улсын иргэн 37 настай Стефани “Бодисыг хэрэглэсэн үед бүх хүн миний талаар ярьж, над руу харж байгаа мэт жихүүцэм сэтгэгдэл төрж байсан. Тэр аймшигт дүр зургаас гарахын тулд “Флакка”-г нэмж хэрэглэх шаардлагатай мэт санагдаж байсан” хэмээжээ.
Мөн Ник Галло хэмээх эр машиндаа сууж байсан эмэгтэй рүү халдсан байна. Тэрээр арынх нь цонхыг хагартал мөргөж, хохирогчийн зүрхийг амаар нь гаргах дөхжээ. Аз таарч цагдаа ирснээр хөөрхий эмэгтэй аврагдсан байна. Шинжээчид Ник Галлог ч мөн “Флакка” хэрэглэсэн гэж дүгнэжээ.
Матью Кееней хэмээх эр гэгээн цагаан өдөр хотын гудамжаар нүцгэн гүйж, олныг алмайруулсан байна. Тэрээр мөн л “Флакка” хэрэглээд, ийм тэнэглэл үйлджээ.
Тус мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх нь үхэлд хүргэдэг ба 2015 онд Флорида мужид нас барсан 60 хүний үхлийн шалтгаан “Флакка” байсан аж.

Манай урд хөршид ч энэхүү мансууруулах бодисын хэрэглээ өндөр байгаа нь түүний аюулаас иргэдээ сэрэмжлүүлэхэд хүргэж буй юм. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн хар тамхи азаар манайд бүртгэгдээгүй байгаа аж. Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Тэрээр “Монголд орж ирж байгаагүй. Урд хөршөөс “Мөс” гэх мансууруулах төрлийн бодис л хамгийн их хэмжээгээр орж ирж байна. Өөр төрлийн хар тамхи одоогоор бүртгэгдээгүй” гэв.
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эх сурвалжаас тодруулахад, Монголд тийм төрлийн бодис бүртгэгдсэн тохиолдол байхгүй” гэсэн юм. Харин олон жилийн турш хар тамхи хэрэглэж буй нэгэн хэлэхдээ “Монголд өндөр хэм хүрч халууруулдаг хар тамхи байдаг ч “Флакка” гэж дуулж байгаагүй юм байна” хэмээв.
Цөөхөн хүн амтай Монголд хар тамхины хэрэглээ хяналтаас гарсныг цагдаа, хууль хяналтын байгууллагынхан хүлээн зөвшөөрдөг. Гэвч дэлхийг цочирдуулж буй энэхүү аймшигт бодис бидний хаяанд буйг санаж, түүний аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: Medee.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна