Д.Ганбат: ТТ-н төмөр замын 49 хувийг “Шинхуа”-д зарна


 

-Монголын Засгийн газар энэ төслийг санхүүжүүлэх боломжгүй болсон учраас танай компани өөрсдөө хөрөнгөө шийдээд, барих хүсэлт тавьсан. Үүний хариуд “Самсунг Си Эн Ти” компани боломжгүй гэдэг хариу өгсөн. Иймээс дараагийн хөрөнгө оруулагчийг олохын тулд “Самсунг Си Эн Ти” компанитай хамтарч ажиллах гэрээг цуцлахаас өөр аргагүй болсон гэдгээ мэдэгдсэн. Тус компани нөхцөл байдлыг ойлгоод хоёр тал гэрээгээ дүгнээд, хүчингүй болгосон.-


Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын 100 хоногт ямар ажил амжуулсан талаар өнгөрсөн баасан гаригт /2016.10.21/ мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээллийн үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө.


-Тавантолгой төмөр замын 49 хувийг БНХАУ-ын “Шинхуа” компанид зарж байгаа гэсэн мэдээлэл үнэн үү?

-Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын асуудалд тодорхой шийдэлд хүрээгүй байна. Өнгөрсөн Засгийн газрын үед энэ асуудлыг Хятад улстай ярьсан. “Шинхуа” компани төмөр зам болон уурхай дээр оролцоно гэдэг байр сууриа илэрхийлсэн байдаг. Сая манай Засгийн газар байгуулагдаад Тавантолгойн төмөр зам болоод уул,уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах яриа хэлэлцээрийг хийж байгаа. Энэ хүрээнд Хятадын Элчин сайдтай хоёр удаа уулзсан. Уул уурхайн сайд Хятад улсад ажлын айлчлал хийж, төсөл хөтөлбөрөө ярьсан. Хятадын байр суурь бол хэвээр байгаа юм билээ. Тэгэхээр “Шинхуа” компани Тавантолгойн төсөлд оролцоно. Төмөр замыг барьж байгуулах ажилд Монголын төмөр зам компани оролцоно. Уул уурхайн хувьд үндэсний олборлогч компаниуд барьж байгуулах байр суурьтай байгаа. Төмөр замын эзэмшлийн тухайд бид эрсдэлээ тооцоод 49 хувьд Хятадын тал хөрөнгө оруулж, Монголын төмөр зам компанитай хамтраад барих байр суурьтай байгаа нь үнэн.     

-Тавантолгойн төмөр замын 51 хувийг барьцаалж Хятадаас зээл авна гэсэн мэдээлэл тараад байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Тавантолгойн төмөр зам 100 хувь Хятадын мэдэлд шилжих юм биш үү?

-Тавантолгойн төмөр замын 51 хувьд ногдох хөрөнгө оруулалтын зардлыг босгохдоо аль нэг улсаас хөнгөлөлттэй зээл авах юм уу, хөгжлийн зээл босгох шаардлагатай. Энэ төсөл хөтөлбөрийг өнгөрсөн оноос ярьсан ч удаашралтай байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасантай холбоотой. Хоёрдугаарт, “Шинхуа” компанийн дотоод нөхцөл байдал таагүй байсан. Үүнээс шалтгаалж удааширсан юм.   

-Эдийн засгийн хүндрэлтэй үед яагаад заавал өөрсдөө 51 хувиа эзэмших гээд байгаа юм бэ? 51 хувиа эзэмшинэ гэхээр нөгөө талд барьцаа зээлийн асуудал үүсэх үү?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г “Энержи Ресурс” компани боловсруулж, концессын гэрээгээр барих гэрээг Засгийн газартай гэрээ хийсэн байсан. 30 жилийн дараа улсад тодорхой хувь өгөх нөхцөлтэй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой зам юм. Энэ зам бол жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Хэрэв энэ хэмжээгээр нүүрс тогтмол тээвэрлэх юм бол 11 жилийн дараа зардлаа 100 хувь нөхөх боломжтой байсан. “Энержи Ресурс”-ын боловсруулсан ТЭЗҮ-ээр бол 1,1 тэрбум ам.доллараар төмөр замын бүтээн байгуулалт хийнэ гэж тооцоолсон. Өмнөх Засгийн газрын үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “Энержи Ресурс”-ын гэрээг хүчингүй болгоод, Монголын төмөр зам компанид эрхийг нь шилжүүлсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ганцхан нүүрс тээвэрлэнэ гэж ойлгож болохгүй. Хажууд нь “Оюутолгой” гэдэг том компани ажиллаж байна. Энэ компани бол жилд 1 сая тонн баяжмалыг авто машинаар экспортлодог. Далд уурхай ашиглалтад орох юм бол бүтээгдэхүүний хэмжээ өсч, жипд 2 сая тонн баяжмал экспортлоно. Иймд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тавдугаар зөрлөгийг Оюутолгойн уурхайтай холбож, баяжмал тээвэрлэнэ. Хоёрдугаарт, Тавантолгойг тойроод Зүүн цанхи, Баруун цанхи, Бор толгой, жижиг Тавантолгой, Хүннү Кол гэх мэт ордууд бий. Эдгээр ордын нүүрсийг төмөр замаар тээвэрлэнэ. “Энержи Ресурс” бол зөвхөн Ухаахудаг-Гашуунсухайт  чиглэлийн төмөр зам барих зураг төсөл хийсэн байсан. Тиймээс ТЭЗҮ-г өөрчлөнө. Дээр нь, Тавантолгойн эргэн тойронд нефтийн илэрц, байгалийн хий гэх мэт ашигт малтмалын орд нээгдэж байна. Цаашид энэ замаар тээвэрлэх эрчим нэмэгдэх юм бол өртөө зөрлөг нэмэх, хос замтай болох асуудал яригдана. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг Монголын төмөр зам компанид шилжүүлэн ажиллаж байгаа нь зөв зүйтэй асуудал гэж үзэж байна. Энэ утгаараа улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх давуу талтай.        

-Эрдэнэт-Овоотын төмөр замын ажил хэзээ эхлэх вэ?

-Эрдэнэт-Овоотын төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулаад явж байна. Арванхоёрдугаар сарын эхээр урьдчилсан байдлаар бэлэн болно. Ирэх оноос барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж хэлж болно.   

-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км төмөр замын ажил дээр “Самсунг Си Эн Ти” компани ажилласан. Уг компанийг улсад нэлээд их хэмжээний хохирол учруулсан гэж яриад байдаг.  Хэрэв “Самсунг Си Эн Ти” компани Монголоос гарахаар болвол ямар нэгэн хариуцлага хүлээлгэх үү?

-“Самсунг Си Эн Ти” компанийг “Энгержи Ресурс” компани сонгон шалгаруулж ажилд оруулсан. Гэрээг нь үзэглэхэд бэлэн болсон ийм түвшинд Монголын төмөр зам компанид шилжиж ирсэн байдаг. Гэрээг Монголын төмөр зам компанийн тухайн үеийн удирдлагууд зурж, батлаад ажилд нь оруулсан. “Самсунг Си Эн Ти” компанийн санхүүд асуудалд үүссэн гэж үзээд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. “Самсунг Си Эн Ти” компанитай “Монголын төмөр зам” компани яриад энэ төслийн санхүүжилтийн асуудлаас болж гацсан учраас үргэлжлүүлэх боломж байхгүй гэдгийг хэлсэн. Гэхдээ “Монголын төмөр зам” компани бол “Самсунг Си Эн Ти” компанид урьдчилсан боломж олгосон. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газар энэ төслийг санхүүжүүлэх боломжгүй болсон учраас танай компани өөрсдөө хөрөнгөө шийдээд, барих хүсэлт тавьсан. Үүний хариуд “Самсунг Си Эн Ти” компани боломжгүй гэдэг хариу өгсөн. Иймээс дараагийн хөрөнгө оруулагчийг олохын тулд “Самсунг Си Эн Ти” компанитай хамтарч ажиллах гэрээг цуцлахаас өөр аргагүй болсон гэдгээ мэдэгдсэн. Тус компани нөхцөл байдлыг ойлгоод хоёр тал гэрээгээ дүгнээд, хүчингүй болгосон.

-Монгол Улс агаарын орон зайгаа ашиглаж орлогоо нэмэгдүүлэх боломж байна уу?

-Агаарын тээврийн орон зай гэдэг бол их чухал асуудал. Монгол Улсын агаарын орон зайгаар нэвтэрч байгаа гадаадын онгоцны тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Үүний үндсэн дээр агаарын навигацийн орлогыг нэмэгдүүлэх шаардлага бий. Тухайлбал, Солонгос, Японы зарим онгоц Европын орнууд руу явахдаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч чадахгүй, Оросын нутгаар дайрч өнгөрдөг. Хэрэв Монголын нутгаар дайраад явах юм бол нэгдүгээрт, агаарын орон зайг ашиглуулсан навигацийн орлого авах боломж нэмэгдэнэ. Хоёрдугаарт, цаад авиа компаниуд явах зайгаа 40-50 минут хэмнэнэ. Энэ утгаараа ашиг сонирхол нэгдэж байгаа ч Бээжингийн агаарын орон зайн нягтаршилаас шалтгаалаад боломжгүй гэдэг хариуг өгдөг. Тиймээс бид энэ асуудлаар Хятадын талтай ажиллах ёстойг ойлгож байна. Шаардлагатай бол агаарын хаалгаа нэмэх боломж байгаа гэж үзээд энэ талын ажлыг идэвхжүүлэхэд анхаарч байна. Зөвхөн агаарын орон зайг ашиглаж орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхээс гадна, өөр ямар хэлбэрийн ажил үйлчилгээ явуулбал орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр манай яам онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг ашиглалтад орсны дараа Буян-Ухааг хэрхэн ашиглах вэ гэж ярилцаж байна. Хятад улсад гэхэд 3000 гаруй нисгэгч дутагдалтай, Солонгост мөн л нисгэгч дутагдалтай байна. Эдгээр улс орнууд АНУ, Канадад нисгэгчээ бэлтгэдэг. Нэг нисгэгч бэлтгэхэд 100-150 мянган ам.долларын зардал гардаг. Тиймээс манай улс шиг агаарын орон зай нь сийрэг, боломжтой оронд нисгэгч бэлтгэх сургууль байгуулаад, Буянт-Ухааг ашиглах боломж байгаа. Энэ асуудлаар судалгаа хийгээд, саналаа ирүүлсэн компаниуд бий. Тиймээс манай яам бодлогоор дэмжиж ажиллах болно.

 

News.MN