Замын цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх авто зам болон төмөр замын огтлолцол нь автомашин, вагонтой мөргөлдөх өндөр эрсдэлтэй хэсэг болоод байна. Замын цагдаагийн газраас холбогдох газруудад шаардлага хүргүүлж, 2.1 км авто замын өргөтгөл хийлгэжээ. Дээрх замыг 2013 оноос эхлэн өргөтгөснөөс өөр зохицуулалт хийгдээгүй байна.
Энэхүү огтлолцлоор 30 минут тутам вагон зорчин өнгөрдөг бөгөөд замын түгжрэлтэй үед хэрхэн зохицуулалт хийх нь тодорхойгүй байгаа аж.
Сүүлийн жилүүдэд тус замаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгджээ. Орон сууцны хороолол олноор баригдсантай холбогдуулан энэ уулзвараар зорчих иргэдийн тоо ч өссөөр байгаа аж.
Хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед тус огтлолцолтой хэсгийн замыг хоёр төвшинтэй болгох асуудлыг Замын цагдаагийн газраас холбогдох шатанд хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байгаа юм байна.
Огтлолцол үүссэн хэсгийг хоёр төвшинтэй болгон, хонгил доогуур юм уу, эсвэл дээгүүр шинэ зам тавьж хөдөлгөөний зохицуулалт хийх шаардлага тулгарчээ. Энэхүү замын асуудлыг шийдэхгүй бол ачаалал улам ихэссэн тохиолдолд гэрлэн дохио болон замын цагдаа зохицуулалт хийх ямар ч боломжгүй юм байна.
-ТҮГЖРЭЛТЭЙ ҮЕД ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ-
Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.
-Энэхүү замын уулзварт ямар зохицуулалт хийгдэх вэ?
-Зохицуулалт хийх ямар ч боломжгүй болсон. Энэ замаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэн. Замыг хоёр төвшинтэй болгож өөрчлөх ганц арга бий. Шийдэл гэвэл галт тэрэгтэй огтлолцолгүй болгох шаардлагатай. Ийм болгохын тулд хөрөнгө мөнгө шаардагатай байх. Урьд нь ийм их барилга баригдаагүй байхад хөдөлгөөн бага байсан. Энэ үед түгжрэл үүсдэггүй байсан болохоор асуудал гарч байгаагүй.
-Замын хөдөлгөөнд хэр их ачаалал үүсгэдэг вэ?
-Ачаалал ихэсч байна. Учир нь галт тэрэг зорчих үеэр зам хаадаг. Энэ нь автомашин зорчиход түгжрэл үүсгэж байгаа. Авто замын түгжрэл ихтэй үед галт тэрэгний хөдөлгөөн зогсох хүртэл хүндрэл учирч байна.
-Жолооч нар хэрхэн сэрэмжилвэл зохих вэ?
-Тус огтлолцолтой замаар зорчихдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Галт тэрэг зөрөн өнгөрөх үед мөргөлдөх эрсдэлтэй байгаа. Хэдий гэрлэн дохиотой, замын цагдаа хөдөлгөөн зохицуулж байгаа ч түгжрэлтэй үед галт тэрэгний замыг чөлөөлөх ямар ч боломжгүй болно гэсэн үг.
Medee.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна