МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг нэгтгэх чиглэлийг прокурорын байгууллагаас АТГ-т өгсөн байна. Учир нь, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг ажлын байран дээрээ 500 сая төгрөг авч байхдаа үйлдэл дээрээ баригдаж, үүнийгээ намын даргадаа санхүүжилт олж өгөх гэж байсан хэмээн тайлбарласан нь МАХН-ын дарга Н.Энхбаярын холбогдох хэрэгт шинэ зүйл анги нэмэгдүүлэх шалтгаан болсон аж.
Г.Шийлэгдамбын 500 сая төгрөгийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэд хэдэн удаа прокурорын шатанд шилжүүлж байсан ч хяналтын шатны прокуророос мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэх шалтгаанаар хавтаст хэргийг буцаасан байдаг. Тиймээс үргэлжлүүлэн шалгалт явуулж, дараа нь Н.Энхбаярын хэрэгтэй ийнхүү нэгтгэж байгаа гэнэ. Хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээллэж буйгаар, 500 сая төгрөгийн хэрэгт Н.Энхбаяр болон Г.Шийлэгдамба нар хоёул хариуцлага хүлээх нь тодорхой болжээ.
Ийнхүү намын гишүүдийн хэрэг нэгтгэгдэж байгаа шалтгаан нь Г.Шийлэгдамбын бичиж байсан захидлаас үүдэлтэй гэх. Тэрээр захидалдаа “Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна. Чухам бодит байдал дээр юу болсон тухай дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсч байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.
Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсч авсан мөнгөний 50,000 ам.долларыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120.000 ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсч байна” хэмээсэн байдаг.
МАХН-ын санхүүжилттэй холбоотой шуугиан дэгдээсэн уг хэрэгт, тус намын хэд хэдэн албан тушаалтанг шалгаж эхэлсний нэг нь МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар бөгөөд түүнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж хорьсон байдаг. Гэвч мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт П.Цогтбаатар хамааралгүй болох нь тогтоогдож, намын дарга Н.Энхбаяр холбоотой байж болзошгүй сэжүүр гарсан гэх.
Тиймээс Н.Энхбаяр нарыг прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн гурван зүйл заалтаар буруутган шалгаж байна. Тодруулбал, Монгол улсын Эрүүгийн хуулийн 133-р зүйлийн нэг буюу Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгос эсхүл гурваас дээш зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах гурав хүртэлх жил хорих ял шийтгэнэ гэжээ.
Мөн хуулийн 148-р зүйлийн дөрөвдүгээрт, энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгө хурааж10-15 жил хүртэлх хугацаагаар хорино. Эрүүгийн хуулийн 268-р зүйлийн хоёрдугаарт, хэргийг хясан боогдуулах замаар эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэг шийтгүүлсэн этгээд, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгө хурааж 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно гэж заажээ.
Харин Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн хоёр буюу Н.Энхбаярынхтай ижил зүйл ангиар буруутгагдаж байгаа аж. Ямартай ч 500 сая төгрөгийн хэрэгт холбогдсон намын гишүүд авлигын хэрэгт ял шийтгүүлж болзошгүй болоод байна.
ЭХ СУРВАЛЖ: Medee.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна